Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны шатрын залуу мастер толгойны өмсгөлгүй тоглосноос багаасаа хасагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ираны хуулийн дагуу хижаб буюу толгойн өмсгөлгүйгээр тэмцээнд оролцсон 18 настай шатрын их мастер Дорса Дерахшаниг үндэсний шигшээ багаас хөөж байгааг зарлажээ.

1979 оны Исламын хувьсгалаас хойш Иранд эмэгтэйчүүд заавал хижаб өмсөх ёстой болсон. Гэтэл Дерахшани саяхан болсон 2017 оны Tradewise Gibraltar Chess Festival тэмцээнд бие даан оролцохдоо хижаб өмсөөгүй байна.

Түүний 15 настай дүү Борнаг мөн энэ тэмцээнд Израйлийн шатарчин Александр Хузмантай тоглосных нь төлөө шигшээ багаас хасжээ.

Эгч дүүс цаашдын олон улсын тэмцээнүүдэд Ираны нэрийн өмнөөс тоглох эрхгүй болж байна. Дорса Дерахшани өнгөрсөн жил олон улсын мастер, эмэгтэй их мастерын цолуудыг авсан ба одоо Испаний Барселонд амьдардаг.

Ираны Шатрын Холбооны тэргүүн Мехрдад Пахлеванзадех эгч дүү шатарчидтай хатуу тооцоо бодно гэж мэдэгдсэн байна. Эхний ээлжинд тэд Ираны багаас хасах шийдвэр гаргаж байгаа нь энэ юм.

Хижаб тойрсон маргаан шинэ зүйл биш. Өнгөрсөн оны есдүгээр сард Ираны Тегеранд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эмэгтэй тамирчдад хижаб өмсүүлсэн Дэлхийн Шатрын Холбоо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцээгүй гэсэн шүүмжлэлд өртөж байв.

Энэ тэмцээний үеэр эмэгтэй тамирчдыг хижаб өмсөхийг шаардсан ба АНУ-ын эмэгтэйчүүдийн шатрын аварга Нази Пайкизе эсэргүүцлээ илэрхийлж, тэмцээнийг бойкот хийж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today