Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төрийн төв хэвлэл Лотте Группыг “сүрдүүлэв”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгостой худалдааны дайн хийж байгаа Хятад улс энэ удаа тус улсын тав дахь том бизнесийн бүлэглэл болох Лотте Группыг бай болгожээ.

Бээжингийн санааг ихээр зовоож байгаа Өмнөд Солонгост байрлуулах пуужингаас хамгаалах THAAD системийг Лотте өөрийн эзэмшлийн гольфийн талбайд байрлуулах талаар засгийн газартайгаа хэлэлцэж байгаа юм. Тэгвэл өчигдөр Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг Лотте группт анхааруулга өгсөн редакцийн өгүүлэл нийтэлжээ.

Синьхуа Лоттег энэ зөвшилцлөөсөө татгалзахгүй бол ноцтой үр дагаварт хүрнэ гэж анхааруулсан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лотте улсынхаа зүүн хэсэгт байдаг Lotte Skyhill Country Club нэртэй гольфийн клубээ цэргийн зориулалтаар ашиглуулахаар батлан хамгаалах яамтайгаа ярилцаж эхэлсэн юм.

Энэ газар дээр нь АНУ-аас авах THAAD системийг Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалахаар байрлуулах ажээ. Гэхдээ энэ хэлцэл эцэслэн дуусаагүй үргэлжилж байгаа. Харин Хятад улс энэ системийг хэзээ нэг өдөр өөрийнх нь эсрэг ашиглана гэж болгоомжилж, Сөүлийн төлөвлөгөөг хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Үүний дагуу өнгөрсөн намраас Бээжин Өмнөд Солонгосын K-pop одуудын тоглолтыг цуцалж, кинонуудыг нь гаргахыг хориглоод байна. Мөн энэ оны эхээр Солонгосоос Хятадыг чиглэх үүргийн нислэгүүдийг хүлээж авахаас татгалзан, зарим бараа бүтээгдэхүүний татварын хөнгөлөлтийг нь болиулсан юм.

Синьхуа агентлагийн нийтлэлд Лотте группыг Хятад даяар 150 салбар дэлгүүртэйг сануулаад “Лотте Хятадын хэрэглэгчид, Хятадын зах зээлийг алдахад ойрхон байгааг” сануулжээ. Уг нийтлэл албан ёсны байр суурь биш ч гэсэн Синьхуа нь Хятадын коммунист намын бодлогыг шууд илэрхийлдэг юм.

Чоко Пай амттанаас эхлээд зочид буудал, кино театр, үл хөдлөх, дэлгүүр, хүнс, электроникийн бизнес эрхэлдэг Лотте группын хилийн чанадаас олдог орлогын талыг нь Хятадын зах зээл бүрдүүлдэг.

Лотте ч Бээжингийн дарамтыг мэдрээд эхэлсэн. Энэ сарын эхээр тус компанийн Шенянь хотод байгуулж байгаа $2.9 тэрбумын зугаа цэнгээний хүрээлэнгийн барилгын ажлыг эрх баригчид зогсоосон байна.

Мөн тус компани орлого ашиг муу байгаагаас Бээжин дэх гурван их дэлгүүрээ хаах тухай мэдэгдээд байгаа юм.

Гэхдээ Хятад, Өмнөд Солонгосын талууд аль аль нь сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг “худалдааны дайн” гэж нэрлэхээс зайлсхийж байна.

THAAD систем нь зөвхөн Хойд Солонгосын довтолгооноос хамгаалах зорилготой гэгдэж байгаа ч Хятадын зүүн хойд бүсийн зэвсэг, техникийн хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой болгож байгаа нь Бээжингийн санааг зовоож байгаа юм.

 

Эх сурвалж: Quartz