Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжаны ерөнхийлөгч эхнэрээ дэд ерөнхийлөгчөөр томиллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Илхам Алиев эхнэр Мехрибаны хамт

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Азербайжан улсын ерөнхийлөгч өөрийн эхнэрээ тус улсын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилох зарлигийг Мягмар гарагт гаргалаа.

55 настай Илхам Алиев нь 52 настай эхнэр Мехрибаныг ийнхүү Азербайжаны хоёрдугаар хүн болгож байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Алиев үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга явуулж ийм боломжийг нээсэн юм.

Мехрибан нь 19 настайдаа Алиевтай гэрлэж байсан. Өмнө нь парламентын гишүүн, буяны байгууллагын тэргүүн зэрэг алба хашиж байсан юм.

Үндсэн хуульд зааснаар дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийг үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон үед орлох үүрэгтэй. Анхны дэд ерөнхийлөгчийн ажил үүргийг тодорхой заагаагүй байгаа ч тэр гүйцэтгэх засаглалыг хянах үүрэгтэй байхаар харагдаж байна.

Өнгөрсөн есдүгээр сард хийсэн үндсэн хуулийн өөрчлөлтөөр Алиев ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таваас долоон жил болгон сунгаж, өөрийн хаанчлалыг бэхжүүлсэн юм.

2003 онд Алиев өөрийн эцгээс төрийн жолоог шилжүүлж авсан. Түүний эцэг нь ЗХУ задарсны дараа Азербайжаны анхны ерөнхийлөгч, коммунист намын тэргүүн болж байв.

Алиев хоёр охин, нэг хүүтэй. Тэр газрын тосоор баян, Исламын шийт урсгал голлон шүтдэг Азербайжаныг Өрнөдийн орнуудтай ойр байлгаж, Каспийн сав газарт Оросын нөлөөг хязгаарлаж байдаг.

Гэсэн хэдий ч Өрнөдийнхөн түүний засаглал, хүний эрх зөрчиж байгаа байдлыг шүүмжилсээр ирсэн юм.

Алиев өөрийгөө Азербайжаны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа гэж харуулахыг зорьдог ажээ.

 

Эх сурвалж: Time.Com