Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны ахынхаа амийг хөнөөсөн явдал нь Хойд Солонгосын дэглэмийн тогтворгүй байдлыг харуулж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах алагдсан явдал нь тус дэглэмийн дотоод нөхцөл байдал тогтворгүй байгааг харуулж байна гэж Америкийн судлаачид дүгнэжээ.

45 настай Ким Жон Нам нь өмнөх удирдагч Ким Жон Илийн анхны эхнэрээс төрсөн ууган хүү байсан юм. Даваа гарагт түүнийг Малайзийн Куала Лумпурын нисэх буудалд явж байхад нь алсан байна.

Уг аллагыг Ким Жон Намын бие хамгаалагч нар болон Малайзийн цагдаагийн хооронд бий болсон хамгаалалтын цоорхойг ашиглан Хойд Солонгосын тусгай албад зохион байгуулсан гэж үзэж байгаа юм.

Мөн энэ удаагийн аллага нь таван жилийн өмнө төрийн эрхийг авсан Ким Жон Уны дээд хүрээлэлд явуулж байгаа цэвэрлэгээний нэг хэсэг гэж дүгнэж болохоор байна.

АНУ-ын Жоржтауны Их сургуулийн профессор, Олон Улсын Стратеги Судлалын Төвийн Солонгосын хэсгийн тэргүүн Виктор Ча “Миний бодлоор тус улсын дотоодод дэглэмийн эсрэг үзэл хэр их байгаа нь эндээс харагдлаа” гэж Ёнхап агентлагт ярьжээ.

“Маш олон хүн өнгөрсөн таван жилийн хугацаанд Хойд Солонгосын шинэ засаглал тогтвортой байгааг ярьж байсан. Гэвч өнгөрсөн сард улсын аюулгүй байдлын сайдыг, дараа нь ахыгаа хөнөөлөө. Надад тийм ч сайнгүй байгаа нь харагдаж байна” гэж Ча профессор хэлсэн юм.

Өмнө нь дипломатч байсан, одоо Солонгосын Эдийн Засгийн Америкийн Хүрээлэнгийн дэд захирал хийж байгаа Марк Токола уг аллагыг Ким Жон Ун захиалсан нь гарцаагүй гээд өмнө нь ч тэр Ким Жон Намыг алах оролдлого хийж байсныг өгүүлсэн байна.

Токола “Пьёньянд суугаа дүүгээс нь өөр Ким Жон Намын аллагаас ашиг хүртэх хүн байхгүй” гэж ярьжээ.

“Ким Жон Нам Хойд Солонгосын дэглэмийн эсрэг идэвхтэй тэмцэж байсан эсэх нь эргэлзээтэй ч Ким Жон Ун өөрийнх нь эсрэг босох хүн байхгүй гэдгийг ард түмэндээ харуулахыг зорьсон нь энэ байх” гэж Токола ярьж байна.

Ким Жон Нам нь нам гүм байдалтай цагаачлан амьдарч байсан. Гэхдээ 2010 онд тэрээр Японы хэвлэлд ярихдаа дэглэмийг залгамжлан үргэлжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.

Ким Жон Намын аллага нь Хойд Солонгос-Хятадын зөрчлийг мөн харуулж байгааг Токола баталж байна. Токола “Ким Жон Нам голдуу Макаод амьдарч байсан нь түүнийг Хятадын хамгаалалтад байсныг харуулж байна. Тэр бас 2012 онд хэвлэлд ярихдаа Хойд Солонгост Хятад маягийн эдийн засгийн реформ хэрэгтэйг онцолж  байсан юм” гэжээ.

Тэрээр цааш нь “Зарим ажиглагчид хэрвээ Ким Жон Уны дэглэм унавал Хятадууд Ким Жон Намыг гаргаж ирэхээр нөөцөлж байсан гэдэг. 2013 онд цаазлуулсан Хойд Солонгосын хоёрдугаар хүн Жан Сун Тэк бас Хятадтай хэт дотно хүн байсан нь Ким Жон Уны дайсан болгоход хүргэсэн болов уу” хэмээн ярьсан байна.

 

Эх сурвалж: Yonhap