Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 580 сая ам.долларын өрийг төлж чадна, гэхдээ...

Ж.Мягмар
2017 оны 2 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улс өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээр байрт ороод явж байна. Тухайлбал, нэг сарын дараа 580 сая ам.долларын өр төлнө. Тэгвэл эрх баригчид энэхүү өрийг төлөхийн тулд ард түмнээс хандив гуйх аяныг эхлүүлээд УИХ-ын нэр бүхий гишүүд 100 сая төгрөгийн хандив өгөөд эхэлчихсэн байгаа.

Улмаар бусад аж ахуйн нэгжүүд болоод иргэдийг хандив өгөхийг уриалах болсон. Энэ сэдлээр манай сонин өнгөрсөн долоо хоногт уг асуудлаар иргэдийн байр суурийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаагийн дугаартаа энэхүү өрийг хэрхэн төлөх, манай улсын эдийн засгийн өнөөдрийн байдал ямар байгаа талаар холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

Ч.Хүрэлбаатар: Байнгын хорооны даргынхаа хувьд л мэдээлэл аваагүй байна

 
Гэрэл зургийг mpa.mn

/УИХ-ын гишүүн/

-Ирэх сард төлөх 580 сая ам.долларын өрийг яаж төлөх вэ гэдэгт нэг, хоёр, гурав гээд ирүүлчихсэн жагсаалт одоохондоо алга. Албан ёсоор ирсэн мэдээлэл байхгүй. Гэхдээ үүнийг Засгийн газраас асуух хэрэгтэй. Тооцоолол байж магадгүй. Би УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргынхаа хувьд л мэдээлэл аваагүй байна гэдгээ хэллээ.

Ер нь нэг сарын дараа 580 сая ам.доллар төлнө гэх зэргээр Монгол Улс өрийн дарамтаараа буюу дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээр байрт ороод явж байна. Ийм хүнд нөхцөл байдалд их хэмжээний доллар төлөх Эрдэнэтийг төр авах шийдвэр гаргаж байгаа нь зөв үү. Олон талаас нь харах ёстой байсан. 

Б.Дэлгэрсайхан: Бид ямар нэгэн байдлаар 580 сая ам.долларын өрийг барагдуулахаар зүтгэх ёстой

 
Гэрэл зургийг mpa.mn

/УИХ-ын гишүүн/ 

-Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг. Улсын эдийн засаг үнэхээр хэцүү байна. Үүнээс хэрхэн яаж гарах вэ гэж дор бүрнээ санаа оноогоо уралдуулж байгаа цаг үед бид ажиллаж, амьдарч байна. Манай бизнесийн салбарынхан өнөөдөр хангалуун сайхан явж байгаа юм алга.

Ашиг орлого гэхээсээ илүүтэй хэдэн ажилчдынхаа цалинг өгөх, татвар төлөх гэж зүтгэж байгаа нь үнэн. Гэхдээ бид ямар нэгэн байдлаар 580 сая ам.долларын өрийг барагдуулах тал дээр өөр өөрийнхөө боломжоор зүтгэх ёстой гэж ойлгож байна.

Ядаж бондын энэ төлөлтийг хийхэд дэм болж чадвал гадны улсуудад “Монголчууд зээл авсан ч гэсэн нэгдээд өр ширээ дарж чаддаг юм байна” гэсэн итгэл найдвар төрнө. Бид авсан зээлээ цаг хугацаанд нь төлөх юм бол улсын зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Монголчууд итгэлтэй хүмүүс гэдэг итгэл үнэмшил төрүүлэхэд тус дэм болох болов уу гэдэг утгаар энэ аянг дэмжиж хандив өргөж байгаа юм. 

Ч.Энхбат: 580 сая ам.долларыг хугацаанд нь төлнө 

 

/Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал/

-580 сая ам.долларын өрийг төлөхөд бид эртнээс бэлдсэн. Тодорхой хэд хэдэн хувилбарууд яригдаж байгаа. Ямар ч байсан энэ мөнгийг хугацаанд нь төлнө гэдэгтээ итгэлтэй байгаа. Манай улсын зээлжих зэрэглэл чанаргүй буюу Саа1 ангилал руу орчихсон энэ үед дээрх хөрөнгийг бүрдүүлэхэд амаргүй зэргээр тайлбарлах хэсэг байгаа. Гэхдээ бид уг өрийг хугацаанд нь төлөх боломжтой. Энэ тал дээр эргэлзэхгүй байна. 

Ч.Хашчулуун: 580 сая ам.долларыг манай улс асуудалгүй төлж, чадна 

 

/Эдийн засагч/ 

-Энэ асуудлыг нэлээд заагтай ярихгүй бол болохгүй. 2016 он дуусчихсан байгаа. Гэхдээ өмнө нь 2015 онд хийгдсэн татварын зарим нэг өөрчлөлтийн нэн ялангуяа НӨАТ-ын өөрчлөлтөөр үр дүнд 2016 оны бүх татварын орлого биелсэн. Одоо урьдчилсан дүгээр 2016 онд нийт татварын орлого 560 тэрбум төгрөгөөр давж биелж байгаа.

Энэ нь өнөөдрийн ханшаар ойролцоогоор 230 сая доллар юм. Тэгэхээр зөвхөн энэ давсан орлого яригдаад асуудал болоод байгаа 580 сая ам.долларын бараг тал хувийг нь хаачих боломжтой. Түүнчлэн одоо нэгдүгээр улирлын татварын орлого давж биелэх учиртай. Тиймээс манай улс 580 сая ам.долларын өрийг төлөхөд асуудал гарахгүй. Гэтэл ард түмнээс хандив цуглуулах энэ тэр бол хошин асуудал.

Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Татварын орлого ийнхүү давж биелж байгаа нь одоо эрх баригчдад ямар ч хүртээлгүй асуудал юм. Харин эдийн засгийн энэ хүнд нөхцөлд манай улсын компаниуд сайн ажилласан. Мөн иргэдийн тусламжтайгаар орлого авч чаддаггүй байсан эх үүсвэрүүдээсээ орлого авч эхэлсэнтэй шууд холбоотой.

Тиймээс татварын орлого давж биелж байгаа. Энэ ч үүднээсээ 580 сая ам.долларын өрийг асуудалгүй төлж чадна. Цаашлаад дараа жил буюу оны сүүлээр Чингис бондын 500 сая ам.долларын асуудал үүснэ. Энэ мэт асуудлыг ч 2017 онд авагдсан татварын системийн үр дүнгээр татварын орлого давж биелээд, тэр нь яваандаа хаачих байх.

Гэхдээ одоо эрх баригчид өрийн төлөлтийг ямар бэлэн мөнгөөр хэрхэн хийхээс олон зүйл хамаарах юм. Тухайлбал, 400 сая ам.долларыг Эрдэнэт рүү гаргадаг шигээр гаргавал төгрөгийн ханш унаад, буцаад манай улсын хэдэн бизнесменүүд хүнд байдалд орно. Гэхдээ ямар ч байсан бид буюу татвар төлөгч нар ажлаа хийчихсэн байгаа. 

Б.Лхагважав: Айлаас эрэхээр авдраа уудал

 
Гэрэл зургийг mpa.mn

/МҮХАҮТ-ын ерөнхийлөгч/ 

-Монгол Улс ирэх сараас 580 сая ам.долларын зээл төлөх асуудлын тухайд Засгийн газрын зарим гишүүний байр суурийг харахад эдийн засагт хамгийн хэрэгтэй нь өрийн хугацааг сунгачихсан нь дээр гэдэг зүйлийг яриад байгаа. Гэхдээ хугацаагаа сунгачихвал дараа жил “Чингис” бондын мөнгөтэй давхцаад бараг тэрбум ам.доллар төлөх болно шүү дээ. Би хувьдаа үүнийг арай өөрөөр харж байгаа.

Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шүү дээ. Өнгөрсөн онд манай улсын макро эдийн засаг хасахтай гарсан хэдий ч татварын орлого 100 хувь биелсэн байгаа. Тиймээс Монгол Улсад татвараа төлж байгаа компаниудын үүрэг хариуцлага өндөр байна. Нөгөөтэйгүүр, бид өнгөрсөн жил сайн НӨАТ-ын систем хэрэгжүүлсэн учраас татвар авч чаддаггүй байсан хэсгээсээ татвараа аваад эхэлчихсэн.

Үүнээс өмнө манай зах зээлийн 60 гаруй хувь нь хар зах зээл байлаа шүү дээ. Эндээс харахад бидэнд орлого байгаа. Тиймээс төр ажлаа сайн хийх ёстой. Юуны тулд төр татварыг бий болгож, хураадаг субъект билээ. Ажлаа зөв системээр баялаг бүтээгчдэдээ дарамт багатайгаар хийгээд 2016 он шиг татварын орлого нь биелээд явахад энэ мөнгийг төлчихнө. Тийм учраас Монголбанк ч 580 саяыг төлчихнө гэж хэлээд байгаа юм. Үүнийг татварын биелэлттэй харьцуулж ярьж байгаа юм.

Зураг