Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Путины өрсөлдөгч Алексей Навальныйд ял оноолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Путины гол өрсөлдөгч гэгдэж байгаа Алексей Навальный

ОХУ-ын Киров хотын шүүх сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйд өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр ял оноосон байна.

Энэ шийдвэрийг шүүгч Алексей Втюрин өчигдөр буюу Лхагва гарагт зарлаж, Навальныйд таван жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Түүнтэй хамт Пётр Офицеровыг мөн яллаж дөрвөн жилийн тэнсэн оноосон байна. Тэд хоёул 500,000 рублийн ($8,350) торгууль бас хүлээж байгаа юм.

Навальный ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, үүнийг улс төржсөн шийдвэр гэжээ. “Өнөөдөр болж байгаа үйл явдал нь Кремлийн захиалгаар болж байгаа” гэж Навальный хэлээд өөрийг нь ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй байх зорилготой гэсэн байна.

ОХУ-ын хуулиар бол Навальный ялын хугацаанд төрийн алба хаших боломжгүй болж байгаа юм.

Гэхдээ түүний багийнхан давж заалдсанаар ялыг түр хойшлуулж, сонгуульд өрсөлдөх боломжтой болно гэж үзэж байна.

Навальный, Офицеров нарыг төрийн өмчит КировЛес компанийн хөрөнгийг идэж, шамшигдуулсанд буруутгасан ажээ. 2013 онд мөн ийм хэлбэрийн ялыг түүнд оноож байсан ч өнгөрсөн жил Дээд Шүүх хэрэгсэхгүй болгож байв.

Европын Холбооны гадаад бодлогын албанаас шүүхийн шийдвэрийг Орос оронд хараат бус улс төрчдийн дуу хоолойг дарах гэсэн алхам гээд Оросын ардчиллын үйл явцад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд асан, сөрөг хүчний улс төрч Михайл Касянов шүүхийн шийдвэрийг “хуулийн үндэслэлгүй, улс төржсөн үйлдэл” гээд “Навальныйг авлигатай тэмцсэнийх нь төлөө Кремль өшөө авч байгаа хэрэг” гэж үзэж байгаагаа Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Навальный 2018 оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан юм. 1999 оноос хойш ерөнхийлөгч, ерөнхий сайдын суудалд завсаргүй сууж байгаа Владимир Путин энэ сонгуулиар Орос улсыг захирах хугацаагаа зургаан жилээр сунгахыг зорьж байгаа нь тодорхой.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty