Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн Note 7 утасны баттерейг нийлүүлсэн үйлдвэрт гал гарчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил халж, шатдаг гэх шалтгаанаар зах зээлээс эргүүлэн татагдсан Samsung Galaxy Note 7 гар утасны баттерейг нийлүүлсэн Хятад дахь үйлдвэрт өчигдөр өглөө томоохон түймэр гарсан байна.

Samsung SDI компанийн Тяньжин хотын захын дүүрэгт байрлах үйлдвэрт гал гарч богино хугацаанд унтраажээ. Галыг унтраахад 19 машин, 110 гал сөнөөгч ажилласан гэжээ. Тяньжиний гал унтраах албаны мэдээлснээр үйлдвэрт байсан lithium-ion баттерей, зарим дутуу үйлдвэрлэгдсэн хэсгүүдээс гал гарсан байна.

Өчигдөр үдээс хойш байгаль орчныг хамгаалах албаныхан үйлдвэр дээр очиж, орчны бохирдлын шинжилгээг хийжээ. Samsung SDI компанийн төлөөлөгч Шин Ён До гарсан түймэр нь үйлдвэрлэлийн явцад нөлөөлөхгүй, үйлдвэрийн хаягдлын хэсэг өртсөн гэж Блүүмбергт ярьсан байна.

Samsung SDI бол өнгөрсөн онд үйлдвэрлэгдээд баттерейн доголдлын улмаас эргүүлэн татагдсан Galaxy Note 7 гар утасны баттерейг нийлүүлсэн хоёр үйлдвэрлэгчийн нэг юм.

Тэд баттерейн үйлдвэрлэлдээ дахин доголдол гаргахгүйн тулд 150 тэрбум воны хөрөнгө оруулалт нэмж хийж байгаагаа энэ сард зарлаж байсан.

Тус компани нь Өмнөд Солонгосын Samsung Electronics компанийн Хятад дахь хамгийн том салбарт тооцогддог бөгөөд Тяньжин, Хэфэй, Сужоу, Вуши, Сианьд нийт таван үйлдвэртэй юм.

 

Эх сурвалж: South China Morning Post