Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд ээ, хэвлэл мэдээлэл, сошиал хоёроо ялгачих...

Р.Саруул
2017 оны 2 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Хэвлэлийнхнийг үгэнд нь орохгүй бол шоронд хийчихдэг хуулийн заалт бий шүү гэдгийг сануулж байна-

Өнгөрсөн парламентын үеэр батлагдсан Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг одоогийн Засгийн газар хойшлуулсныг олон нийт өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаж байгаа. Зарим нь ч батлагдаад удаагүй хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө яагаад өөрчлөх болов оо гэж гайхаж буй юм.

Тухайлбал, уржигдар Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав сэтгүүлч болон сошиал сүлжээний идэвхтэй хэрэглэгчдэд дургүйцэж, нэр хүндээ сэргээлгэж Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэсэн саналыг тавьжээ.

Тэрбээр “Эрүүгийн хуулиар хатуу хариуцлага хүлээлгэ, сэтгэл санааны хохирлыг үнэл” гэж лүндэн буулгав. Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр шинэ Засгийн газар, ХЗДХ-ийн сайдын байр суурийг гүтгэх асуудлыг Эрүүгийн биш Зөрчлийн хуулиар шийтгэх нь зөв гэж мэдэгдсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн, Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Ц.Гарамжав гишүүнтэй санал нэг буйгаа илэрхийлсэн.

Ийнхүү УИХ-ын зарим гишүүд хэвлэл мэдээлэл, сошиал хоёроо ялгалгүй буруу зөрүү ярьж байна. Уг нь дөрөв дэх засаглалынхан УИХ, Засгийн газрын үнэн зөвийг илчлэх үүргээ төдийлөн умартаагүй яваа гэдгийг улстөрчид эрх биш мэдмээрсэн. Юутай ч олон үг нуршилгүйгээр энэ талаар УИХ-ын гишүүдийн хэн нь юу хэлэв гэдгийг сонирхъё.

Д.Сарангэрэл: Сэтгүүл зүй, сэтгүүлчид хүнийг гүтгэдэггүй юм, улстөрчид бие биеэ гүтгэдэг 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Эрүүгийн хуулийн 110,111 дүгээр заалт чинь өнгөрсөн хугацаанд дандаа сэтгүүлчидтэй холбогдсон юм.  Ер нь үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээдэг салбар Монголын нийгэмд зөвхөн сэтгүүл зүй байгаа. Та нар маань буруу ойлгоод байх шиг байна.

Би хүн гүтгэхийг, хүний нэр хүнд гутаахыг огт дэмждэггүй. Яг үнэндээ сэтгүүл зүй, сэтгүүлчид хүнийг гүтгэдэггүй юм. Манай улстөрчид бие биеэ гүтгэдэг, хар бараан материал тараадаг үндэслэл нь үүнд байдаг юм шүү. Үүнийг сэтгүүл зүй рүү шингээх гээд хэрэггүй.

Өнөөдөр Монголын сэтгүүл зүй гүтгэж байгаа, хүний нэр төрд халдаж байгаа ийм хүмүүстэйгээ өөрсдөө тэмцье гээд Ёс зүйн зөвлөл байгуулчихсан. Энэ зөвлөлийг 25 жил ярьсны эцэст сая байгууллаа. Тухайлбал, сэтгүүлч Саруул улстөрч Ундралыг гүтгэлээ гэж бодоход хууль шүүхтэй зууралдаад байхгүйгээр тэр өргөдөл гомдлоо Ёс зүйн зөвлөлд нь өгчих.

Хэдхэн хоногийн дараа сониных нь тиражийнх нь тоогоор таныг гүтгэсэн бол тэр няцаалтыг чинь ёс зүйн зөвлөл дүгнэлтээ хийгээд гаргаад ирнэ. Үүн шиг том шийтгэл хаана ч байхгүй. Сонгуулийн 18-хан хоногт та нар шүүхтэй зууралдаад, ингэсээр байтал сонгуулийн дүн гараад дуусчихна.

Маш зөв шийдэлд Монголын сэтгүүл зүй хүрсэн учраас та нарт үүнийг хэлээд байгаа юм. Хэрвээ авлигатай тэмцье гэж бодож байгаа бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх ёстой. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлье гэж бодож байгаа бол Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах ёстой. Тэгэхээр та бидэнд Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг зүйл яриад байна.

Зөвхөн сонгуулийн хэдхэн хоногт намайг тэр нөхөр гүтгэчих вий гэж айсандаа сэтгүүлчийг жил гаруй хорих заалтыг хуульд хийх гээд сууж байна. Энэ бол ичгэвтэр хэрэг. Би дахин хэлье. Би энэ хуулийн заалтыг дэмжихгүй. Өөрөөр хэлбэл, 14.8 сайжраагүй байгаа учраас ийн хэлээд байгаа хэрэг. Ямартай ч энэ том бол маш том ухралт.

Энэ хуулийн заалтыг манай улстөрчид, УИХ-ын гишүүд дэмжихгүй байх гэж итгэж байна. Дахин хэлье. Монголын сэтгүүл зүй өөрөө хүн гүтгээд байгаа, хүний нэр төрд халдаад байгаа асуудалтай мэргэжлийн ёс зүйн түвшиндээ тэмцэл хийх бүхэл бүтэн бүтцийг бий болгосон гэж хэлээд байна. Гэтэл та бүхэн сонгуулийн үеэр намайг гүтгэсэн гээд заавал нэг хүнийг шоронд хийнэ гээд зүтгээд байна шүү дээ. Энэ буруу.

Ц.Гарамжав: Сэтгүүлч, сошиал сүлжээнийхэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэгвэл УИХ-ын гишүүн Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярт дараах асуултыг тавьсан Тэрбээр “Нэгдүгээрт, хүний нэр төр, алдар хүндийг санаатайгаар гутаах зорилготой гүтгэх, доромжлох гэсэн гэмт хэргийг зүйлчилсэн, ямар нэгэн хэмжээгээр хариуцлагыг нэмсэн заалтууд орсон уу.

Хоёрдугаарт, нийгэм даяар бусдын нэр төрийг гутаах, гүтгэхдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа цахим орчныг маш өргөнөөр ашиглаж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мөнгө төгрөгтэй холбогдсон, худалдагдсан. захиалгаар иймэрхүү үйлдлийг хийх боллоо.

Манай нийгэмд сайн хүн гэж байхаа болилоо. Ямар нэг хүнийг хүндэтгэх, үлгэрлэх зүйлгүй боллоо. Угтаа бол ёс суртахуунгүй асуудал газар авлаа. Сүүлийн үед хүний сэтгэл санааг дэндүү ихээр хохироож байна. Энэ сэтгэл санааны гэм хорыг арилгах, сэтгэл санааны хохирлын асуудлаар олон улсын жишигт ойртуулан тодорхой шийтгэлийг үзүүлэх талаар судалсан нэвтрүүлсэн зүйл байна уу.

Энэ нэмэлт дээр ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дээр хариуцлагын асуудлыг өндөржүүлсэн зүйл байна уу” хэмээв.

Б.Энхбаяр: Гүтгэх асуудлыг зөрчилд тооцож оруулсан

 
Гэрэл зургийг Mpa.mn

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “2015 онд батлагдсан Эрүүгийн л хуульд гүтгэх асуудлыг эрүүгийн гэмт хэрэг биш зөрчилд тооцож байсан. Сая хууль санаачлагч өргөн мэдүүлэхдээ энэ зарчмыг хэвээр хадгалж оруулсан байгаа.

Зөрчлийн тухайн хуулийн төслийн 6.21 дээр гүтгэх асуудлыг зөрчилд тооцож оруулсан “Хүний нэр төр алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгох” шийтгэл ногдуулахаар оруулж ирсэн.

Эрүүгийн хуульд бол сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах буюу 14.8-д заасны дагуу гэмт хэрэгт тооцож байгаа. 

Х.Нямбаатар: Эрүүгийн хуульд дагаж нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн боломж нь байгаа

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Эрүүгийн болон зөрч-лийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Ц.Гарамжав гишүүнтэй санал нэг байна. Хүнд нэр төр, алдар хүнд гэдэг хүнд байгаа цорын ганц үнэт зүйл. Энэ хуулийг дагалдаж Зөрчлийн тухай хууль орж ирж байгаа.

Зөрчлийн тухай хуулиар гүтгэх, доромжлох зөрчлийн асуудлыг давхар хөндсөн тохиолдолд Эрүүгийн хуульд дагаж нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн боломж нь байгаа.

Улстөрчид нэг нэгнээ гүтгэчихээд хэвлэлийнхэнд хариуцлага тооцож болох уу

Өнгөрсөн Засгийн газар Эрүүгийн хуульд гүтгэлгийг бүхэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан ч Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганаар ярилцаад Зөрчлийн хууль руу оруулсан байдаг юм. Зөрчлийн хууль руу оруулах болсон шалтгаан нь гэвэл гүтгэх хэрэгт хэвлэлийнхэн их холбогддог учраас Эрүүгийн хэрэг үүсгээд хэвлэлийн амыг барьж байна гэсэн шүүмжлэл олон гарсан хэмээн Зөрчлийн хууль руу оруулж, торгох шийтгэл ногдуулахаар болж байсан билээ.

Ямартай ч ард түмэн сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэснийхээ хариуд ийн шийтгэл авах нөхцөл бололцоо бүрдэж буй бололтой. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэн хууль зөрчвөл зохицуулж болно. Энгийн иргэн хууль зөрчвөл ялтан болно гэсэн дүрэм үйлчлэх гээд байна.

Уг нь Үндсэн хуульд зааснаар бол ард иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн үг үсэг байдаг ч энэ өгүүлбэр нь хэрэгжихгүй болж байна. Яг үнэндээ ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн бэлтгэсэн мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэгтээ хариуцлага хүлээсээр өнөө хүрсэн.

Учир нь тухайн мэдээ, мэдээлэл нийтлэлийг бид өөрсдөө бэлтгэсэн болохоор улстөрчид, бизнесменүүд хэдэн саяыг ч нэхэж байсан хуулийн дагуу явсаар өнөөг хүрсэн гэсэн үг. Харин дээрх нэр бүхий улстөрчид Д.Сарангэрэл гишүүний хэлсэнчлэн сонгуулийн 18-хан хоногт намайг гүтгэчих вий гэж айхдаа сэтгүүлчийг нэг жил хорих саналыг Засгийн газарт оруулж ирэхээр зэхэж байгаа нь хамгийн том эмгэнэл.

Сонгуулийн үеэр хэн, хэнийг гүтгэн доромжилдог вэ гэдгийг хүн бүр мэднэ. Сэтгүүлчид тийм зүйл хийдэггүй юм. Түүнийг сонгуульд оролцож буй нэр дэвшигчид бие биеэ унагахын тулд хийдэг. Идсэн, уусан, луйварчин, гуйлгачин, эрлийз, хурлийз гээд худал гүтгэлэг, гүжирдлэгээр эхэлдгийг Монголын ард түмэн бүгд мэднэ.

Тэд УИХ-д суухын тулд бүтэн 20 гаруй жил ингэж сонин хэвлэл, телевизээр бие биеэ гүтгэж, үүнийгээ зуршил болгочихсон хүмүүс шүү дээ. Ер нь гүтгэлэг гээд байгаа зүйл нь бүгд улстөрчдийн өөрсдийнх нь бэлтгэсэн материал байдаг гэдгийг улстөрчид ч мэдэхийн дээдээр мэднэ. Нөхцөл байдал хэвлэлийн эрх чөлөөг яагаад боомилж, авч байгаа хэдхэн төгрөгийн цалингаа амьдралдаа арай ядан хүргэх гэж буй сэтгүүлчдийг ийнхүү яллах гэж улайрна вэ.

Харин ч улстөрчид сэтгүүлчдийг яллах заалтаа хүчин төгөлдөр хэрэгжүүлж мөрддөг шигээ хамгаалсан заалтаа ч амьдрал дээр хэрэгжүүлэхийг хуулийнхнаас шаардах ёстой бус уу. Эцэст нь хэлэхэд улстөрчид нэг нэгнээ гүтгэчихээд хэвлэлийнхэнд хариуцлагаа тооцож болохгүй шүү дээ.

Зураг