Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр жил тутамд солигддог Монголын зуны цаг дэлхийг дахин будилуулахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол төрийн бодлого залгамж чанаргүй байдгийн нэг том илрэл нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр удаа зуны цагийн хуваарийг өөрчилсөн явдал юм. Гадаад ертөнц манай энэ “эргүүтлийг” юу гэж ойлгодог нь сонин. Магадгүй Хойд Солонгосын удирдагч мөнхийн дайсан Японтой нэг цагийн бүсэд багтахгүй гээд цагаа өөрчилдөгтэй ижил үзэгдэл гэж ойлгодог байх.

Цагийн зүүгээ нэг хоёр удаа хөдөлгөх энгийн үйлдэл мэт харагдавч орчин үеийн технологижсон ертөнцөд маш том асуудал. Ядаж багагүй хугацааны өмнө өөрчлөлт хийх шийдвэрээ гаргаад олон улсын байгууллагад нь мэдэгдэж төлөвлөгөөнд оруулах ёстой. Үүнийг дагаад технологийн томоохон компаниудын төхөөрөмж, програмуудад өөрчлөлт нь тусгагдаж, алдаа эндэлгүйгээр зуны цагт шилжих юм.

Ингээгүйн улмаас гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Бямба гарагийн өглөө хүмүүсийн болон компьютержсэн системүүдийн цаг худлаа зааж, нийгмийг хэсэг бухимдуулахаар боллоо.

Энэ үед мөн Монголд ирсэн гадаадын иргэд Улаанбаатарт хэдэн цаг болж байгааг ойлгохгүй хэсэг будилах нь тодорхой.

2015 оны хавар гэнэтхэн зуны цагт шилжих шийдвэр гарахад бас ийм будилаан гарч байсан. Тухайлбал Apple компанийн iPhone, iPad төхөөрөмжүүдийн цаг энэ шилжилтээс хойш гурван сар гаруйн дараа л Улаанбаатарт хэдэн цаг болж байгааг “ойлгодог” болсон юм.

Өнөөдөр гарсан шийдвэр сар хагас орчмын богинохон хугацаанд хэрэгжиж амжихгүй. Монголын эрх баригчдын шийдвэр буруу зөв байхаасаа үл хамаараад ядаж гурван сарын дараахыг харах чадвартай байх хэрэгтэйг энэ үйл явдал харуулж байгаа юм.