Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Камбожийн ерөнхий сайд Тайвань, Төвдийн далбааг улс орондоо мандуулахыг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Камбожийн ерөнхий сайд Хун Сен, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар

Тайвань, эх газрын Хятадын харилцаа улам бүр хүндэрсээр байна. Үүний сүүлийн илрэл нь зүүн өмнөд Азийн Камбож улсын ерөнхий сайдын мэдэгдэл боллоо.

Өнгөрсөн Бямба гарагт Камбож-Хятадын Ассоциацийн зоог барих арга хэмжээнд оролцож, үг хэлэхдээ ерөнхий сайд Хун Сен “нэг Хятад” бодлогод үнэнч болохоо харуулсан байна.

Тэрээр улс орондоо Тайваний далбааг мандуулахыг хориглож байгаагаа энэ үеэр хэлжээ. “Бид Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалд хор хүргэх ямар ч үйлдэл хийж болохгүй” гээд “Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэж Хун Сен хэлсэн байна.

Дараа нь тэр улсынхаа иргэдэд Тайваний далбааг хаана ч, хэзээ ч мандуулж болохгүйг анхааруулжээ.

Хун Сен Төвдийн далбааг ч мөн ингэж болохгүйг хэлсэн юм.

Сарын өмнө Африкийн Нигери улс Бээжингээс $40 тэрбумын хөрөнгө оруулалтын санал хүлээж авсныхаа дараа нийслэл Абужа хотод байрладаг Тайваний төлөөлөгчийн газрыг нутгаасаа хөөж байлаа.

Энэ маягаар эх газрын Хятад дипломат шахалтыг Тайваний аралд үзүүлсээр байна. Одоогоор Тайвань дэлхийн 21 улстай дипломат харилцаатай байгаа юм.

Өнгөрсөн хавар Тайваний ерөнхийлөгчөөр сонгогдсон Цай Ин Вэн Бээжингийн тулгаж байгаа “нэг улс, хоёр систем” зөвшилцлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа. Тиймээс Тайпэйг олон улсын тавцанд ганцаардуулах шахалт Бээжингийн зүгээс эрчимтэй хэрэгжиж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post