Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ленин багшийн хувцсыг солих гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ оны арваннэгдүгээр сард Большевик хувьсгалын 100 жилийн ой болох гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын эрх баригчид Владимир Лениний шарилын хувцсыг сольж, сэргээн засварлахаар болжээ.

92 жилийн өмнө нас барсан Лениний шарилыг одоо болтол нарийн хянаж, сэргээн занданшуулж байдаг. Эрдэмтэд түүний шарилыг энэ маягаар дахин 100 жил болсон ч чадна гэж үздэг байна.

1924 оны нэгдүгээр сард тэр нас барсан. Задлан шинжилгээ хийсний дараа Лениний шарилыг дөрөв хоног ил байрлуулж, салах ёс гүйцэтгэхдээ түр занданшуулж байжээ.

Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 50,000 орчим хүн цугларсан гэдэг. Гэвч улс орны өнцөг булан бүрээс хүмүүс тасралтгүй ирсээр байсан тул Улаан талбай дахь бунханд шилжүүлжээ.

Өвөл байснаас шарил хэвийн хадгалагдаж байсан бол хавар болж цаг агаар дулаарахад Зөвлөлтийн удирдагчид шарилыг бүр мөсөн занданшуулахаар шийдсэн юм.

Үүний тулд Германаас хэрэгтэй тоног төхөөрөмжийг авчирсан байна. Занданшуулах ажиллагааг биохимич Борис Збарский, анатомич Владимир Воробёв нар гүйцэтгэжээ. Тэд Лениний араг яс, булчин, арьс зэргийг хадгалж, дотоод эрхтнүүдийг нь салгаж авсан байна.

Тархийг нь нас барсны дараа эрдэмтэд салгаж, түүний онцгой авьяас чадварыг нь судалж эхэлсэн гэдэг. Лениний тархины хэсгүүд одоо болтол Оросын ШУА-ын Мэдрэлийн Төвд хадгалагдаж байдаг.

Лениний шарилын хувцсыг сольж, сэргээн засварлах ажил хоёрдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 16-ны хооронд хэрэгжиж, хоёр сарын хугацаанд бунхан нь хаагдах юм байна.

 

Эх сурвалж: The Mirror