Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ассадын дэглэм 13 мянган хүнийг цаазалсан

Б.Даваахүү
2017 оны 2 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Ийм мэдээллийг олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага өчигдөр мэдээллээ. Сирийн нийслэл Дамаск хотын зах хэсэгт орших шоронд 2011 оноос хойшхи нийтдээ таван жилийн хугацаанд ихээр бодоход 13 мянган хүн цаазлуулсан гэх мэдээлэл бүхий тайланг тус байгууллага олон нийтэд дэлгэсэн юм. Улмаар “Бөөнөөр устгах” үйл ажиллагаа явуулж байна хэмээн Сирийн Засгийн газрын хүчтэй шүүмжиллээ.

“Хүн нядалгааны газар: Саяднаяа шорон дахь бөөнөөр нь хороох үйл ажиллагаа” хэмээх гарчигтай тус тайланг харгалзагч, хоригдол, шүүгч гэх мэт нийтдээ 84 нүдээр харсан гэрчийн мэдүүлэгт үндэслэн гаргасан байна.

Тэр дагуу тус шоронд 2011- 2015 оны хооронд нэг долоо хоногт хамгийн багадаа нэг удаа ихдээ 50 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг хүмүүсийг цуглуулан гаргаж, улмаар эрүүдэн шүүх маягаар хүчирхийлснийхээ дараа “яг шөнө дундын үед нууцаар дүүжлэн” хөнөөх цуст аллага явагдаж байжээ.

Тайланд “Эрүүдэн шүүлтээс цааз гүйцэтгэл хүртэлх процессыг аваад үзэхэд, хоригдлуудын бүгдийнх нь нүдийг боосон байдаг төдийгүй хоолойд нь олс углах хүртэл тэд өөрсдийг нь алах гэж буй болон хэрхэн хөнөөх гэж буй талаар юу ч мэддэггүй” гэж бичсэн байна. Мөн хохирогчдын ихэнх нь өнөөгийн Ерөнхийлөгч Башар ал Ассадын дэглэмийг эсэргүүцэгчид буюу энгийн иргэд байсан гэнэ.

Эмнести энэ мэт цаазын ял гүйцэтгэл нь дайны гэмт хэрэг төдийгүй, хүн төрөлхтөний эсрэг гэм нүгэл хэмээн тодорхойлжээ. Сирийн Засгийн газар баривчлагдсан хүмүүсийг бөөнөөр нь устгаж буйн зэрэгцээ хоол хүнс, ус, эм тариа өгөлгүй залхаан цээрлүүлж, “бөөнөөр нь устгах” үйл ажиллагааг хэрэгжүүлж байна хэмээн мөн шүүмжилсэн байгаа юм.

Хамгийн гол нь энэ мэт аймшигт аллага эдүгээ ч үргэлжилж байх магадлалтай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байлаа. Дамаск хотоос хойш 30 км-т байрлах Саяднаяа шоронгийн үйл ажиллагааг цэргийнхэн хянадаг бөгөөд тус шорон улсынхаа хамгийн том хорих байгууламж гэнэ.

Эмнести өмнө нь Сирид 2011 оны гуравдугаар сард иргэний дайн эхэлснээс хойш Засгийн газрын зүгээс явуулсан баривчилгааны үеэр амиа алдсан хүмүүсийн тоо нийтдээ 17,700 байжээ. Харин тус шоронд 13 мянган хүн нас барсан нь нийт нас барагсдын ихэнхийг эзэлж байгаа нь Эмнести интернэшнлийн дээрх дүгнэлтийг бататгаж буй хэрэг бололтой.

Зураг