Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Харвони" эмийг зөвхөн Архангай аймагт хуваарилах нь хууль бус шийдвэр гэлээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 7
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Г.Өнөболд/mpa.mn

АНУ-ын "Гилеад сайнс" компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй Харвони эмийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймагт хуваарилах шийдвэр гаргасныг эсэргүүцэж Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран Хэвлэлийн Бага Хурал зохион байгууллаа.

Хандиваар орж ирж буй энэхүү Харвони эмийг элэгний С вирүсээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур, орлого багатай иргэдэд олгохыг тус байгууллагынхан шаардсан юм. 

Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: "2015 онд ЭМЯ-наас гаргасан албан ёсны судалгаанаас үзэхэд элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр байгаа, харин Архангай аймаг элэгний хавдрын өвчлөлөөр хамгийн бага үзүүлэлттэй байгаа.

Гэтэл нийт Монголчуудын эрх ашиг, эрүүл мэндийн төлөө бодлого хэрэгжүүлж, шийдвэр гаргах ёстой Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болсон мэт авирлаж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байна. 

Тиймээс буруу гараар орж болзошгүй байгаа хандиваар ирсэн Харвониг олон нийтэд ил тод байдлаар элэгний С вирүстэй, эмээ авч хүчрэхгүй байгаа С вирүсээр өвчилсөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмзэг бүлгийн иргэдэд хуваарилах нь шударга ёсонд нийцнэ гэж бид шаардаж байна. 

Энэ асуудалд Ерөнхий сайд, Засгийн газар онцгой анхаарал хандуулж, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг эхнээс нь гажуудалгүй хэрэгжүүлэх бодлого баримтлана гэдэгт итгэж байна. Иргэдийн дунд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг элэгний өвчлөл хамгийн бага байгаа Архангай аймагт хандивын Харвониг олгохоор улайрч байгаа нь 2020 онд УИХ-д нэр дэвших замаа засч байгаатай холбоотой хардлага ч бас байна" хэмээн хэллээ. 

Хэдийгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирүсийн эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа ч бор хоног, шар өдрийг өлөн зэлмүүхэн өнгөрүүлж буй ядарсан иргэдийн тухайд элгээ эмчлүүлэх эдийн засгийн боломж байхгүй байгаа юм.
 
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон тэдэнд хандиваар орж ирсэн Харвониг хатуу хяналтын дор, ил тод олгох нь нүдээ олсон хэрэг болох юм. Түүнээс биш хэн нэгний нутаг ус, жалга довныхондоо нүүр тал олох гэсэн, улс төрийн холын ашиг хонжоо харсан увайгүй шуналыг гүйцэлдүүлэхэд хандивын Харвониг үрэн таран хийх нь утгагүй гэдгийг тэд мэдэгдлээ.