Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн үйлчилгээнд УАЗ фургоны эрин үе эргэн иржээ

А.Алиман
2017 оны 2 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд Авто” компани Монголд УАЗ маркийн машины албан ёсны борлуулагчийн эрхтэй. Төсвийн хямрал гэдэг үгээр халхавчлан Сангийн сайд өөрийн бизнесээ тэтгэж байгаа юм биш биз дээ?- 

Монгол Улсад эрүүл мэндийн салбарын хэмжээнд үндэсний хөтөлбөр 12, стратеги 19, төрөөс баримтлах бодлого тавыг тус тус батлан гаргажээ. Хэдийгээр олон тооны бодлогын баримт бичигт “эмнэлгийн салбарт шинэчлэл хийх хэрэгцээ байгааг” дурдсан боловч эдгээрт нэгдмэл санаа, алсын хараа дутагдалтай, өөрөөр хэлбэл, ирэх 10 жилээс цааших хугацаанд “эмнэлгийн салбар ямар байх вэ” гэдэг дээр нэгдмэл зөвшилцөл бий болоогүй байна гэж 2016 оны тавдугаар сард УИХ-ын түвшинд ярьж байв. 

Үүний дараахан УИХ-ын сонгууль болж, түүний үр дүнгээр Засгийн газар шинээр байгуулагдан төрийн эрх мэдэл МАН-д шилжин очив. Төсөв мөнгөний гачаал, эдийн засгийн хямрал ч энэ үеэс гүнзгийрч, бүхий л салбарын бодлого ганцхан шалгууртай болсон нь “зардал багатай, хямд төсөр” гэх хэмжээс юм. Энэ дунд эрүүл мэндийн салбар ч хамрагдаж, шаардлагатай тоног, төхөөрөмжийн нийлүүлэлтийг “хамгийн хямд худалдан авалт”-ын зарчмаар шийдэж эхэлжээ. Өнөөх холын бодлого зорилт, хууль журам, тэрчлэн тендер ч хамаагүй болж хувирсан хэрэг. 

Эрүүл мэндийн салбарын бодлогын “үйлчлүүлэгч төв”-тэй, орчин үеийн чанар стандартад нийцсэн үйлчилгээг бий болгох “ариун” зорилго алсарч, өнөө маргаашийн төсвийн хэмнэлтийг чухалчилсан арга хэмжээнүүд олширч эхэллээ.

Хэдийгээр салбарын сайд нь хэл ам, хэрэг төвөгт ороогдсон ч өмнө эрх баригчдын үед буюу 2015 онд улсын төсвөөс Улаанбаатар хотын 9 эрүүл мэндийн байгууллага, 18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгохоор тендер зарлан сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажилласан статистик байна.

Хамгийн сүүлд түргэний машин худалдан авах тухай Эрүүл мэндийн яам, Сангийн яамны хамтарсан тендер 2016 оны дөрөвдүгээр сард болжээ.

Үүнээс хойш төр, засгийн удирдлага өөрчлөгдөж, тендергүйгээр түргэний машин худалдан авах ажиллагаа “төсвийн хүндрэл”-ээр түрээ барин түргэн шуурхай зарчмаар буюу “шууд худалдан авалт”-ын горимд шилжжээ. Ингэхдээ хөгжил, дэвшил, орчин үеийн стандарт шаардлага, яаралтай тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгч буюу өвчтөний тав тух гэх асуудлыг ор тас мартаж, хуучны Зөвлөлтийн үеийн УАЗ, тэр дундаа фургон маркийн машинуудыг шууд худалдан авч эхэлсэн байх юм.

Өмнө нь яаралтай түргэн тусламжид зориулалтын буюу үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан, яаралтай эмчилгээ, тэрчлэн шуурхайн оношилгоо хийх бололцоотой эмнэлгийн тоноглол бүхий NISSAN, HYANDAI, TOYOTA маркийн машинуудыг тендерийн зарчмаар худалдан авч байжээ.

Дэлхийн хэмжээний стандарт бүхий эмнэлгийн зориулалтын тоноглолтой, өвчтөнийг зөөж тээвэрлэх үеийн тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэсэн автомашинуудаар хот, хөдөөгийн эрүүл мэндийн төвүүдийг хангах зорилгыг Эрүүл мэндийн яам дэвшүүлж, энэ талаар Шадар сайд асан Ц.Оюунбаатар салбарын сайдын үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажиллаж байх үедээ тушаал хүртэл гаргаж байв. Нэг үгээр бол цаашид түргэн тусламж, эмнэлгийн үйлчилгээнд фургон машин ашиглахаа болих асуудлыг журамласан юм.

Харин өнөөдөр сайдын тушаал журам, тендер, сонгон шалгаруулалт үл харгалзан аймгуудын эрүүл мэндийн төвүүдийг цэргийн зориулалттай фургон машинуудаар хангаж эхэлсний цаана үнэхээрийн төсвийн хүндрэл байна уу, эсвэл үүгээр далимдуулсан шахааны бизнес яваад байна уу гэх эргэлзээ үүсч байна. 

Шадар сайд асан Ц.Оюунбаатар салбарын сайдын үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажиллаж байх үедээ тушаал хүртэл гаргаж байв.

Хамгийн сүүлд гэхэд хэвлэлийн мэдээгээр бол 2016 оны 11 дүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Улсын нөөцийн хөрөнгөөс нийт 630 сая төгрөгөөр 19 аймгийн 21 сумын нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд шуурхайн албаны түргэн тусламжийн хэрэгцээнд УАЗ-22,069 маркийн фургон машин, УАЗ-31,519 хантер маркийн автомашинуудыг худалдан авч өгчээ.

Түүнчлэн 2017 он гарсаар Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймагт түргэн тусламжийн УАЗ фургон машинуудыг хүлээлгэн өгчээ. 

Энд нэгэн статистикийн дурдахад энэ онд улсын хэмжээнд 300 орчим түргэний тэрэг дутагдаж байна гэх тоог холбогдох албан тушаалтнууд хэлж байгаа юм байна. Ингэхэд 300 фургон машиныг төсвийн хямралыг далимдуулан тендергүйгээр худалдан авах юм биш биз дээ?!

УАЗ фургон машины албан ёсны дилер компани нь “Хурд Авто” нэртэй

Төсвийн хөрөнгөөс худалдан авах ажиллагааг тендерийн зарчмаар шийдэх ёстой, тэрчлэн цаашид түргэн тусламжаас фургон машиныг аажмаар шахаж, эмнэлгийн зориулалтын тоноглолтой машинуудыг хэрэглээнд нэвтрүүлэх тухай өмнөх сайдын тушаал, журмыг үл харгалзан ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ фургон машинуудыг Эрүүл мэндийн яам шууд худалдан авах болсны цаана нэг асуудал анхаарал татаж байна.

Тэр нь юу гэхээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд Авто” компани Монголд УАЗ маркийн машины албан ёсны борлуулагчийн эрхтэй явдал юм. Төсвийн хямрал гэдэг үгээр халхавчлан Сангийн сайд өөрийн бизнесээ тэтгэж байгаа юм биш биз дээ?

Гаалийн мэдүүлгийг шүүж үзвэл “Хурд Авто” компани нь ОХУ-д үйлдвэрлэдэг УАЗ маркийн автомашиныг 2014 онд 176 ширхгийг оруулж ирсэн байх бөгөөд 2015 онд 22 ширхгийг, 2016 онд 20 ширхгийг хилээр оруулж иржээ.

Жилээс жилд тоо нь буурсан байхтай зэрэгцээд өөр компани, хуулийн этгээдийн нэр дээр хилээр орж ирсэн УАЗ маркийн машины тоо өссөн байх нь бүр ч анхаарал татна.

Өөр компанийн нэр дээр 2014 онд ердөө 5 ширхэг УАЗ Монголын хилээр орж ирсэн байх бол 2015 онд 93 болж огцом өсч, Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдсон 2016 онд энэ тоо 107 болж “тэсэрчээ”

Түгээмэл жишгээр бол Монгол шиг жижиг зах зээл, цөөн хэрэглэгчтэй улс орнуудад автомашины дилерийн эрхийг тухайн үйлдвэрлэгч нэгээс илүүгүй хуулийн этгээдэд өгдөг байна. Хэдийгээр 2-3 компанид дилерийн эрхийг давхар өгөх бололцоотой ч практик дээр лав л бусад автомашины үйлдвэрлэгчид манайх шиг зах зээлд нэг л дилерт өгсөөр иржээ.

Тэгэхээр Сангийн сайдын “Хурд Авто” ХХК –иас гадна өөр дилер байлаа ч тус компанийн цаад эзэмшигч нь “Хурд Авто” ХХК байх магадлал өндөр гэж харагдана. Нийтийн болон төрийн албан дахь Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх, өөр эзэмшигч дээр компаниа бүртгүүлэх, шилжүүлэх, охин компани салбарлуулах зэрэг олон аргыг улстөрчид хэрэглэх болсон нь ч нууц биш юм.

Цаашид хот, хөдөөд 300 түргэний машин шаардлагатай гэдэг бол чамгүй өндөр эрэлтийг илэрхийлж байна. Ийм үед төсөв хямралтайг далимдуулан шууд худалдан авалт хийхийг зөвшөөрөөд байгаа Эрүүл мэндийн яам, түүний төлбөрийг шийдэх эрх мэдэлтэй Сангийн яам ямартай ч УАЗ машины дилер компанийг дэмжиж ирлээ. Цаашид дэмжсээр байх уу?

Өмнө нь тендерээр худалдан авдаг байсан NISSAN PATROL, TOYOTA, HYANDAI зэрэг үйлдвэрлэгчийн эмнэлгийн зориулалтын тоноглол бүхий түргэний машинуудтай харьцуулахад УАЗ фургон машин зах зээл дээр 30-40 хувиар хямд байгаа нь үнэн.

Гэхдээ дээрх үйлдвэрлэгчид захиалгаар эмнэлгийн тоноглол, оношилгоо, эмчилгээний тоног, төхөөрөмжүүдийг суурилуулдаг, хөдөө зах газар, хил орчмын бартаат замд зориулан үйлдвэрлэдэг бол УАЗ фургон машин нь суудлыг нь аваад оронд нь зөөврийн ор тавих байдлаар засварласан, тэдгээрээс зай багатай байдаг. Хамгийн гол нь нумтай учраас маш хатуу. Хөдөлгөөн хязгаарлагдсан, зөөвөрлөх боломжгүй оноштой өвчтөнийг эмнэлэгт хүргэх хооронд харин ч бүр өвчнийг даамжруулах эрсдэлтэй.

Үйлчлүүлэгчийн тав тух, эмнэлгийн тусламж үзүүлэх орчин нөхцөл гээд олон үзүүлэлтээр орчин үеийн шаардлага хангадаггүй. УАЗ маркийн машин нь өнөөдөр эмнэлгийн практикт хаана ч хүлээн зөвшөөрөгддөггүй, зөвхөн ОХУ-д л хэрэглэгддэг “цэргийн”, “ангийн” зориулалттай автомашин юм.

УАЗ маркийн машин нь өнөөдөр эмнэлгийн практикт хаана ч хүлээн зөвшөөрөгддөггүй, зөвхөн ОХУ-д л хэрэглэгддэг “цэргийн”, “ангийн” зориулалттай автомашин юм.

Өнгөрсөн зуунд бол Монгол Улс эмнэлгийн зориулалтаар, тусламж үйлчилгээндээ хэрэглэж байсан нь үнэн. Харин тэр үеэсээ хөгжиж, дэвшихийг эрмэлзсээр өдийг хүрсэн. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар гэдгийг дээр дооргүй ярьсаар ирсэн атлаа ийнхүү ухралт хийтлээ төр, засаг хямарч байгаа энэ үед юутай ч УАЗ машины дилерүүд бол харин ч ашигтай ажиллах нөхцөл бүрджээ. Улсын нөөцийн сангаас хөрөнгө гаргуулаад хэдэн арваар нь төрд худалдана гэдэг завшаан байх.

Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг ярихаа байг гэхэд хөдөөгийн Засаг дарга нар “хамгийн хямдыг” гэдэг зарчимтай төсвийн худалдан авалтын “хохирогчид” болоод байгаагаа саяхан хотод хуралдах үеэрээ гомдоллосныг анхаарч үзэх хэрэгтэй л байх. Хамгийн хямд үнийн саналыг шалгаруулдаг тендерээс болоод орон нутагт цагдаа, эмнэлэг хоёр хамгийн их хохирч, “харамч хүн долоо дахин төлдөг” жишгээр байсхийгээд л машин тэргээ актлах, явгарахдаа хүрдгийг толгой сэгсрэн ярьж байна.

Тэрчлэн Япон, Германы машин эдэлгээ урттай, эвдрэл багатай, ашиглалтын зардал багатай гэдгийг хүртэл жишээлж байхыг Сангийн сайд ч сонссон л байх. 

Энд нэг болсон явдлыг сануулахад Герман улсын хандиваар ирсэн вольксваген маркийн эмнэлгийн зориулалтын хоёр машинаар 2013 онд БНХАУ-аас онгоцоор зөөвөрлөж болохгүй заалттай өвчтөнийг Улаанбаатарт эмчийн бүрэн хяналтан дор хүргэж ирлээ гээд шагшин шуугьж байв. 

Түргэн тусламжийн машин гэдэг бол тухайн үедээ эмнэлгийг орлох хамгийн чухал үйлчилгээний цогц байх ёстой юм байна гэдгийг тэгэхэд салбарынхан нь онцолж байсан юм. Харин одоо эрүүл мэндийн салбарт УАЗ фургон, цаашлаад хямдыг нь харвал УАЗ-469 машины эрин үе эргэн ирж байгаа нь дэвшил лав биш байх.

Зураг