Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Антибиотикт тэсвэртэй 18 нян байдгаас наймыг нь манай улсад илрүүлдэг"

О.Дүүрэнжаргал, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчин, томуу, томуу төст эмгэгийн халдвар, тархалт өсөн нэмэгдэж, эмчилгээ үйлчилгээний асуудлаар эцэг эхчүүд ихээхэн гомдол бухимдалтай байгаа.

Нөгөө талаас эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ хийх, вирусын гаралтай өвчний үед антибиотик хэрэглэх, нянгийн гаралтай үед антибиотикийн эмчилгээг буруу хийснээс шалтгаалж өвчнийг улам хүндрүүлдэг ч үүнийгээ зөв гэж бодон ямар том алдаа гаргаж байгаагаа мэддэггүй.

Өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэн ТББ-аас мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, эмч, мэргэжилтнүүд оролцсон антибиотикийн буруу хэрэглээ болон тэсвэрт байдлын талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт “Оточ манрамба” Их сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц, Улсын 2-р төв эмнэлгийн халдвар судлалын их эмч Ц.Уянга, Баянгол дүүргийн 10-р хорооны "Ариун чанар" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, Их эмч Ц.Түмэндэмбэрэл, ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч, Их эмч Т.Одгэрэл, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн клиникийн дэд захирал Ц.Алтантуяа, “Цахим эмч” ТББ-ын тэргүүн Б.Баярбямба нар оролцсон юм.

 "2050-аад оны үед хүн төрөлхтөн антибиотик гэдэг эмгүй болно"

Энэ үеэр “Оточ манрамба” Их сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц “Хүн төрөлхтөн антибиотик хэрэглэснээрээ нянгийн шатгаантай өвчнийг эмчлэх эмнэлзүйн үйл ажиллагаанд хувьсгал хийсэн. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд 100 орчим антибиотикийг эм болгон ашигласан. Гэсэн ч одоогийн байдлаар 60 гаруйг нь ахиж хэзээ ч эмчилгээнд хэрэглэхгүй гээд хасчихсан байгаа. Хүмүүс антибиотикийг хэрэглэх шаардлагагүй үед болон буруу хэрэглэснээс болж нян антибиотикт дасдаг. Антибиотикт дасна гэдэг нь хүн тухайн эмэнд дасчихсан гэсэн үг биш, нян тэр төрлийн эмийг устгах чадвар бүхий бодисыг ялгаруулж чаддаг болсон эсвэл генетикийн хувьд тэр эмэндээ тэсвэртэй болсон байна гэсэн үг юм.

Хүн бүхэн үүнтэй холбоотой үүргээ ухамсарлан энэ төрлийн эм бэлдмэлийг эмчийн зааврын дагуу, зөв зохистой хэрэглэж сурахгүй бол нянгууд бүх антибиотикт тэсвэртэй болж, 2050-аад оны үед хүн төрөлхтөн антибиотик гэдэг эмгүй болно. Ингэснээр ямар ч халдварт өвчнийг эмчлэх боломжгүй болох юм. Иймээс антибиотикийг дур зоргоороо хэрэглэхгүй байх, жоргүйгээр олгодоггүй байх учиртай” хэмээн анхаарууллаа.

Үүнээс гадна “Ханиад томууны үед антибиотик ямар ч нөлөө үзүүлэхгүй. Учир нь томуу, томуу төст өвчнүүд нь вирусын гаралтай байдаг. Антибиотик бол нягаар үүсгэгдсэн өвчинд л зориулсан эм” гэдгийг онцолсон юм.

Гадны орнуудын хувьд эхлээд лабораторийн шинжилгээгээр тэсвэрт байдал, мэдрэг чанаруудыг үзэж байж яг тохирох арга хэмжээг авдаг.

"Нянгаар үүсгэгдсэн өвчний үед шинжилгээ хийлгэж, тохирсон эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал байдаг"

Харин манай улсад лабораторийн нөхцөлд ямар зарчим үйлчилж байгаа талаар ХӨСҮТ-ийн нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч, Их эмч Т.ОдгэрэлАнтибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээг хийхдээ хамгийн түрүүнд тухайн нянг өсгөвөрлөх шинжилгээг хийдэг. Ингэснээр ямар антибитотикт тэсвэртэй, ямар антибиотикт мэдрэг байна вэ гэдгийг тогтоогоод үүн дээр үндэслэн эмчилгээний тактик боловсруулдаг.

Манайд энэ шинжилгээг 72 цагийн хугацаанд хийдэг байсан бол одоогоор шинэ технологийн тусламжтай 36-аас 40 цагийн хооронд хийдэг болоод байгаа. Хугацаа их шаардаж байгаагаас хүмүүс шинжилгээнд хойрго ханддаг. Гэтэл нянгаар үүсгэгдсэн өвчний үед шинжилгээ хийлгэж, тохирсон эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал байдаг.” гэлээ. 

"Дэлхийн хэмжээнд антибиотикт тэсвэртэй 18 нян тогтоогдсон байдгаас манай улсад зургаагаас наймыг нь илрүүлж байгаа"

Улсын 2-р төв эмнэлгийн халдвар судлалын их эмч Ц.Уянга “Антибиотик тэсвэржилтийг яагаад ингэж чухал авч үзээд байна вэ гэхээр тодорхой хэмжээний тэсвэржилт үүсээд бид үүнийгээ хүчирхээ больж эхэлж байна. Антибиотик хэрэглэснээр яг тухайн нянд үйлчилнэ гэсэн үг биш. Биед байгаа хэвийн бичил биетүүдийг ч гэсэн устгах нөлөө үзүүлдэг. Үүний үр дүнд устаагүй үлдсэн нь тэсвэртэй болж үүнээс антибиотикийн тэсвэржилт үүсдэг.

Дэлхийн хэмжээнд антибиотикт тэсвэртэй 18 нян тогтоогдсон байдгаас манай улсад зургаагаас наймыг нь илрүүлж байгаа. Ингэснээр антибиотикт тэсвэртэй нянтай хүмүүсийг бусдаас тусгаарлаж, тохирсон эмчилгээг хийх боломжтой болдог. Энэ нь олон эмэнд тэсвэртэй нянтай үйлчлүүлэгч ирвэл түүнийг тусгаарлаж, тусад нь эмчилгээ хийдэг гэсэн үг. Одоогийн байдлаар манай улсад олон эмэнд тэсвэртэй нянгийн 44 тохиолдол бүртгэгдээд байгаа”.

"Хүүхэд 38 хүртэл халуурсан тохиолдолд ямар нэг асуудалгүй учраас аль болох халуун бууруулах эм хэрэглэхгүй байж болно"

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн клиникийн дэд захирал Ц.Алтантуяа “2050 он гэхэд дэлхий нийтээрээ антибиотикийн нөөцгүй болох эрсдэл маш их байгаа учраас иргэд антибиотикийг зохистой хэрэглэж сурах шаардлагатай байна. Манай эмнэлгийн хувьд өнгөрсөн оны байдлаар 17 мянга гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлснээс 9,805-д нь сорьцын шинжилгээг хийсэн.

Харамсалтай нь бид энэ 9,805 тохиолдлынын 17.5 хувьд нь л  мэдээлэмж авч чадсан. Өөрөөр хэлбэл өсгөвөр ургаж, антибиотик мэдрэг чанараа үзэж чадсан. Үлдсэн нь гарч ирээгүй. Энэ нь антибиотикийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Ихэнх үйлчлүүлэгч маань ирэхээсээ өмнө нэгээс хоёр антибиотик хэрэглэчихсэн байдаг”  гээд иргэдийг ам дамжсан мэдээлэлд итгэж замбараагүй эм хэрэглэхээс татгалзахыг санууллаа.

Мөн хүүхэд 38 хүртэл халуурсан тохиолдолд ямар нэг асуудалгүй учраас аль болох халуун бууруулах эм хэрэглэхгүй байхыг зөвлөсөн юм.