Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн Газрын маргаашийн хуралдааныг Баянхошуунд гадаа хийхийг хүслээ

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

“Боож үхлээ” утааны эсрэг аав ээжүүдийн жагсаал өнгөрөгч Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд болсон. Утааны эсрэг зохион байгуулсан хоёр дахь удаагийн жагсаал болох уг жагсаалд 8,000-10,000 хүн оролцож, 3,600 иргэн Өргөдлийн байнгын хороонд өгөх өргөдөл бөглөж, гарын үсэг зуржээ.

"Утааны эсрэг аав ээжүүд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "Анхны жагсаал буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон жагсаалд 4,000 орчим иргэн оролцож, 2,700 орчим өргөдөл бөглөсөн бол энэ удаад дахин их хүн цуглаж, 3,600 гаруй өргөдөлд иргэд гарын үсэг зурлаа.

Эдгээр өргөдлийн маань 250 орчим нь дутуу бөглөгдсөн байгаа. Бүрэн бөглөгдсөн 3,300 орчим өргөдөл дээр өнөөдөр 200-300 орчим хүн өргөдлөө авчирч өгнө гэсэн. Нийт өргөдлүүдээ маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Мөн маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай. Уг хуралдаанаа өглөөний 10:00 цагаас Баянхошууны Жанцангийн буудлын орчимд гадаа хийгээч ээ гэсэн хүсэлтийг өчигдөр Засгийн газрын бичиг хэргийн албаар дамжуулж хүргүүлсэн байгаа. Баянхошуу тэр дундаа Жанцан орчим хонхор газар учраас агаарын бохирдол тунаж тогтдог, хотын хамгийн их бохирдолтой газар. Тиймээс бодит байдалтай танилцаж тэнд хуралдаач ээ гэж байгаа юм.

Бид урьдчилж, ширээ сандал зассан байх болно" гэлээ.

28-нд болсон "Боож үхлээ" жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын засаг даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд "Утааны эсрэг аав ээжүүд" ТББ-ынхны зүгээс дээрх төр засгийнхныг хурдтай ажиллахыг шаардсаар байна.

Агаарын бохирдлыг гамшиг хэмээн зарласан байгаа одоогийн нөхцөлд Засгийн газрын эрсдлийн болон нөөц сангаас хөрөнгө гаргаж, эмнэлгийн ачааллыг багасгах, баруун болон зүүн бүсэд яаралтай хүүхдийн эмнэлэг барих асуудлыг шийдэхийг эцэг эхчүүд уриалж байгаа юм.

Засгийн газар, Хотын захиргаанаас дээрх шаардлагад хариу өгөхгүй бол дахин жагсана гэдгээ илэрхийлж байгаа билээ.