Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Элэгний вирүсээ үнэгүй тоолуулах иргэд дүүргийн эмчээсээ маягт авч ирэх шаардлагатай"

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Элэгний В, С вирүс тоолох шинжилгээг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Улсын Нэгдгээр Төв Эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн үнэгүй хийдэг болжээ. 

Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ дээр нэлээд ачаалал үүсээд байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруулаас тодрууллаа.

"Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу элэгний В, С вирүсийг тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд манайд ихээр хандах болсон. Иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бариад шууд хүрээд ирж байна. Зарим нь бүр вирүстэй эсэхээ тогтоолгохгүй хэрнээ тоолуулах гээд байгаа нь мэдээлэл муутай байгааг харуулж байгаа юм. 

Тиймээс иргэддээ эхлээд харьяа дүүрэг, орон нутгийн эмнэлэгтээ хандаж, хурдавчилсан тестээр элэгний В, С вирүстэй эсэхээ тогтоолгоод, эмчид үзүүлэн баталгаажуулсны дараа тоолуулах шаардлагатай бол маягт авч ирээч ээ гэж хүсмээр байна. Ингээд маягт, ЭМД-ын дэвтэртэйгээ ирмэгц бид оношлуурынхаа тоонд тааруулж, шинжилгээнд ирэх цаг өгч байгаа. Гэхдээ одоогийн байдлаар 2016 оны оношлуур дууссан, 2017 оны оношлуур ирээгүй хүлээгдэж, холбогдох албаныхан оношлуур нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахаар ажиллаж байна.

Вирүс тоолох шинжилгээнд шаардлагатай оношлуур өндөр үнэтэй, цөөн тоогоор ирдэг учраас аль болох нэн шаардлагатай хүмүүстээ үйлчлэхийг зорьж байгаа" гэлээ.

Вирүс тоолох шинжилгээг долоо хоногийн Даваа, Пүрэв гарагт 08:30-10:00 цагийн хооронд авдаг бөгөөд урьдчилан үзүүлж, цаг авсан иргэд үйлчлүүлэх боломжтой аж.

ХӨСҮТ элэгний В, С вирүс тогтоох шинжилгээг 20,000, тоолох шинжилгээг 165,000 төгрөгөөр /Төлбөртэй хийлгэх тохиолдолд/ хийдэг юм байна.