Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy S8-ийн сураг гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Үйлдвэрлэлийн нууц мэдээлэл олж авдгаараа алдартай Venture Beat сайтын Эван Бласс саяхан Самсунг компанийн удахгүй зах зээлд гаргах Galaxy S8 ухаалаг гар утасны тухай мэдээллийг дэлгэжээ.

5.8 ба 6.2 инчийн хэмжээтэй гарах S8 загварууд нь хоёул нугарсан ирмэгтэй, хурууны хээ уншигч нь ар талд камертай цуг байх бөгөөд S7-ийн эзнийхээ нүдний солонгон бүрхүүлийг таних чадварыг өвлөж авсан байх гэнэ.

Хурууны хээ уншигчийг арын хэсэгт шилжүүлсний шалтгаан нь дэлгэцний ашигтай талбайг эрс нэмэгдүүлсэнтэй холбоотой. S7 ба S7 Edge загварын нүүрний 72 ба 76 хувийг дэлгэц эзэлдэг байсан бол энэ удаа 83 хувь хүрэх гэнэ.

Үүний тулд Самсунг нь логогоо хүртэл нүүрэн хэсгээс хассан тухай Бласс өгүүлжээ.

Харин Apple шиг тэд чихэвчний оролтыг хасалгүй хэвээр үлдээсэн байна.

Snapdragon 835 процессороор тоноглогдсон тул өмнөх загвараас 11 хувь хурдтай тооцоолох чадвартай, 23 хувь хурдан график дүрслэлтэй, 20 хувь эрчим хүч хэмнэлттэй зарцуулдаг байх ажээ.

DeX програмын боломжийг ашиглаж S8 гар утсанд тусгай холбогч залгаснаар дэсктоп горимонд ордог. Ингэснээр хулгана, гар залгаад ажилладаг байх гэнэ.

Мөн Siri шиг хувийн туслагч Bixby системийг анх удаа нэвтрүүлэх юм байна.

Уг нь Самсунг компани Galaxy загваруудаа хоёрдугаар сард Барселона хотод болдог Mobile World Congress чуулганы үеэр танилцуулдаг. Гэвч энэ удаа Note 7-ийн бүтэлгүйтлээс шалтгаалан хойшлуулж, гуравдугаар сарын 29-нд Нью Йорк хотод танилцуулахаар болжээ. Харин худалдаанд гарах хугацаа нь дөрөвдүгээр сарын 21 болж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb