Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр замын төсөл ямар ач холбогдолтой вэ?

Б.Ану
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас УИХ-д "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай" тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн билээ. Тус асуудлыг өчигдөр УИХ-ын холбогдох Байнгын хорооны хурлаар хэлэлцэж хэлэлцэхийг дэмжээд байна. 

Энэхүү тогтоолд Дорноговь аймгийн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1,520 мм-ийн буюу өргөн царигаар барьж байгуулах ажлыг зохион байгуулж тухай тусгажээ. Түүнээс энэ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй огт холбоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн энэхүү төсөлтэй танилцвал, 

Монгол Улс тэрбум гаруй тонн төмрийн хүдрийн нөөцтэй бөгөөд үүний 700 орчим сая тонн нь Дархан-Сэлэнгийн бүс нутагт оршдог. 200 орчим сая тонн нь Улаанбаатар Төмөр Замын  (УБТЗ)-ын төмөр замын сүлжээний трассын ойролцоо нутаг дэвсгэрт оршдог байна. Одоо байгаа УБТЗ ХНН-ийн төмөр замын дагуух нутаг дэвсгэрээс жилд ойролцоогоор 6 сая орчим тонн төмрийн хүдэр олборлосноос 4-5 сая тонныг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хот дахь төмөрлөг боловсруулах цогцолбор руу илгээж байгаа тул үнийн хувьд тус улсын, тэр дундаа Бугатын зах зээлээс бүрэн хамааралтай юм.

Зах зээлийн байдал, тээвэрлэлтийн нөхцөл сайжирсан тохиолдолд төмөр замын дагуух төмрийн орд газруудаас төмрийн хүдэр нэмж олборлосноор нийлбэр дүнгээр 10-15 сая тонн төмрийн хүдрийг Бугат хот дахь төмөрлөг боловсруулах цогцолборт нийлүүлэх боломжтой тухай "Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос мэдэгдсэн байна. 

Зүүнбаян- Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэх голлох ачаа нь төмрийн хүдэр байх боловч мөн тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэх боломжтой аж. 

Мөн тус салбарын ДНБ-д эзлэх оролцооны хувь 2-4 хувь болж, экспортод эзлэх оролцоо 9.8 - 15 хувь болж нэмэгдэнэ. Мөн төмрийн хүдрийн экспортыг нэмэгдүүлснээр БНХАУ руу экспортлох коксжих нүүрсний хэмжээг 1-3 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой юм байна. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьсанаар тээвэрлэлтийн зай 318 км-ээр дөт болох юм байна. 

Тодруулбал, Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь төмрийн хүдрийн ордуудаас жилдээ 4.8 сая тонн орчим төмрийн хүдэр олборлож Монгол Улсын Замын-Үүд, БНХАУ-ын хилийн Эрээн боомтоор төмөр замаар тээвэрлэж экспортод гаргаж байна. Цаашид зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр ачааны хэмжээ 10.0 - 15.0 сая тонн болж өсөх магадлалтай. Дээрх ачааны дийлэнх хэсэг нь Сайншандаас Эрээн хотын төмөр замын шилжүүлэн ачих байгууламжаар  шилжүүлэн ачилт хийн ӨМӨЗО-ны Жининь, Хөх хотын чиглэлээр тээвэрлэгдэн Бугат хот хүртэл 908 км тээвэрлэгддэг.

Хэрэв Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд -Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги-Мандал боомт хүртэл ойролцоогоор 281 км төмөр замын суурь бүтцийг барьж Хятадын хил рүү баригдаж байгаа төмөр замтай холбосноор Сайншанд - Зүүнбаян- Ханги-Мандал -Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж 318км-ээр дөт болох юм байна. 

Зүүнбаян -Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих өртгийг Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын өртгийг жишиг болгон тооцвол ойролцоогоор 1.0 тэрбум гаруй ам.доллар шаардах тухай уг төсөлд тусгажээ.