Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав

ikon.mn
2017 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа. Шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглаж, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрийг дайчлах талаар санаачлагатай ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Төлөвлөгөөний дагуу макро эдийн засгийн бодлогын хүрээнд 31, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогын хүрээнд 118, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээнд 64, хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлогын хүрээнд 65, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд 64, нийт 342 үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Энэ онд уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэн, ажилгүйдлийн түвшинг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар бүрийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарна.

Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн бодит өсөлт 3 хувь, инфляцийн түвшин 6.5 хувь, төсвийн тэнцлийн алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 9.1 хувь, ажилгүйдлийн түвшин 9 хувиас ихгүй байна гэж тооцоолжээ. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд 5.4 их наяд төгрөг, үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 353.9 тэрбум, гадаад эх үүсвэрээс 825 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд, бусад эх үүсвэрээс 104 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр байна.

Товч мэдээ

  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Ахмад настны эрх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын баталгаа” үндэсний чуулганыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Монгол Улсад ахмадын байгууллага  үүсч хөгжсний 85 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.
  • Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.054 хувь байхаар тогтоолоо.
  • Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг 2017 онд тэмдэглэхээр болж, ой тэмдэглэх комиссын бүрэлдэхүүнийг баталлаа.  
  • Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчдыг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах жагсаалтыг хавсралтаар баталлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын 1,187 цэргийн албан хаагч дэлхийн зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс