Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа.
Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байгаа юм.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болголоо.
Дашрамд дурдахад Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг өмнө нь хоёр удаа бууруулаад байсан юм.