Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Саран дээр газардаж өрсөлдөх таван баг шалгарлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Google Lunar X Prize тэмцээнд оролцсон олон улсын 16 багаас 5 нь өчигдөр шалгарч саранд тус тусын хөлгөө илгээхээр ажиллаж эхэллээ.

Өөрөөр хэлбэл тэдний илгээх хөлөг нь саран дээр буусан анхны хувийн хөлөг болох юм. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор эдгээр багууд өөрийн зохион бүтээсэн хөлгийг саранд илгээж, тодорхой даалгавар гүйцэтгэх ёстой.

Шалгарч үлдсэн таван баг нь

  • SpaceIL (Израйль)
  • Moon Express (АНУ)
  • Synergy Moon (15 орны хамтарсан баг)
  • Team Indus (Энэтхэг)
  • Hakuto (Япон)

2007 онд байгуулагдсан Google Lunar X Prize сан нь сансрын аялалыг хөгжүүлэх зорилготой. Тэмцээнд оролцогчид нь хувиасаа төслөө санхүүжүүлэх ёстой ба засгийн газрын эх үүсвэр 10 хувиас хэтрэхгүй байх шаардлага тавьдаг.

Оролцогчдын илгээсэн хөлөг зөвхөн саран дээр газардаад зогсохгүй, доод тал нь 500 метр замыг сарны гадарга дээр туулах, сайн чанарын гэрэл зураг дэлхий рүү илгээх, видео шууд дамжуулалт хийх ёстой.

Тиймээс багууд хөлөг зохион бүтээхээс гадна, сарны гадарга дээр явах машин бүтээх юм байна. Дээрх таван багийн хоёр нь SpaceIL, Moon Express багууд уламжлалт танк (rover) хэлбэрийн аялагч бус, үсэрдэг машин бүтээхээр болсон гэнэ.

Хамгийн түрүүнд даалгаврыг гүйцэтгэсэн баг $20 саяын шагнал авах бол дэд байранд орсон баг $5 саяыг авна. Бусад төрлийн тусгай шагналуудыг мөн олгох юм.

Дараагийн шатанд шалгарч чадаагүй 16 баг ч хоосон үлдэхгүй, тэд $1 саяыг хувааж авах тухай X Prize сан зарлажээ.

 

Эх сурвалж: The Verge