Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-аас Монгол Улсад 1.1 сая ам.долларын ХҮМҮҮНЛЭГИЙН тусламж үзүүлэхээр болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол орны хойд хэсгээр өвөлжилт хүндэрч, малчид болон тэдгээрийн амьжиргааны баталгаа болсон мал ахуйд сөрөгөөр нөлөөлж байгаа энэ үед Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой Байдлын үед зарцуулах Нэгдсэн Сан (ОБЗНС/CERF)-гаас яаралтай хариу арга хэмжээ болгон 1.1 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Нийтдээ 17 аймгийн 157,000 хүн ам буюу 37,000 малчин өрх цаг агаарын хүнд нөхцөлд байгаагаас 8,000 буюу эдгээр малчин өрхийн 35 хувьд нэн даруй яаралтай тусламж  шаардлагатай байна.

Өнгөрсөн жилийн хувьд өвөл эрт эхэлж 2016 оны 10-р сарын сүүлээс нутгийн хойд хэсгээр өмнөх хахир өвлөөс ч их хэмжээний цас орсон нь малчдын амьжиргааг улам дордуулах шалтгаан болсон. Түүнчлэн 2015 оны эцсээс эхлэн махны үнэ тасралтгүй буурсаар байгаа нь малчдын орлого хомсдоход нөлөөлсөн. 2016 оны зун, намрын цаг агаарын таагүй нөхцөл байдал, нутгийн зүүн хойд хэсэгт гантай, намар орой бороо орсон зэргээс улбаалан бэлчээр доройтож, шаардлагатай хэмжээний хадлан, тэжээлийг нөөцөлж чадаагүй байна.     

Эдгээр үүссэн нөхцөл байдлыг харгалзан, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих зорилгоор НҮБ-ын ОБЗНС/CERF-аас нийт 13 аймгийн 36 сумын хамгийн эмзэг ядуу, нэн яаралтай тусламж шаардлагатай байгаа 3,500 малчин өрхөд тусламж хүргэхээр шийдвэрлэжээ. Энэхүү тусламж нь малчдад нэн шаардлагатай хүнсний зүйлс, түлш шатахуун, эм бэлдмэл, амин дэм зэргийг худалдан авахад нь дэмжлэг болох зорилготой бэлэн мөнгөний тусламжаас гадна амьжиргаа, орлогын үндсэн эх үүсвэр болсон малын хорогдлыг бууруулах үүднээс өвс тэжээл, мал эмнэлгийн анхны тусламжийн багц зэргийг тус тус олгох юм. 

НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “Энэхүү үүссэн нөхцөл байдал нь мянга мянган малчдын амьдрал, амжиргааны баталгаанд сөргөөр нөлөөлж байна. Бидний энэхүү тусламж хамгийн эмзэг ядуу малчин өрхүүдийн амьжиргааг баталгаажуулж, улам дордохоос хамгаалахад чиглэгдэж байна” хэмээн  хэллээ. 

Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал Монгол Улсад тулгараад байгаа хүнд өвлийг даван туулахад НҮБ-аас тусламж үзүүлж байгаад гүн талархал илэрхийлээд “Энэхүү хүмүүнлэгийн тусламж хамгийн эмзэг малчин өрхүүдэд хүрч, амьжиргааг нь сайжруулахад нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа” гэж онцлон тэмдэглэв. 

НҮБ-ын ОБЗНГ/CERF-аас санхүүжүүлэх энэхүү тусламжийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон Олон Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага 2017 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зэрэг НҮБ-ын системийн байгууллагуудаас үзүүлж буй эрүүл мэнд, хүнс тэжээл, хамгааллын чиглэлээр үзүүлж байгаа тусламж болон Засгийн газар, хүмүүнлэгийн бусад түнш байгууллагуудын үйл ажиллагаатай нягт уялдуулан зохион байгуулна. 

Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахад нийтдээ 6.7 сая ам. долларын хүмүүнлэгийн тусламж хэрэгцээтэй гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Үүний 16 хувийг НҮБ-ын ОБЗНГ/CERF-аас анхны яаралтай тусламж болгон санхүүжүүлж байна.

Монгол Улс дахь Хүмүүнлэгийн баг нь нэн ядуу малчин өрхүүдийн амь, амьжиргааг дэмжихэд шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилтийг босгох ажлыг үргэлжлүүлэн хийх аж.

 

Эх сурвалж: НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар