Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Yahoo хэрэглэгчдийн мэдээлэл алдсанаа яагаад нууж байсныг шалгаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Удаа дараа хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хакеруудад алдсан Yahoo компани яагаад энэ тухайгаа тэр даруй мэдээлэхгүй, нуун дарагдуулж байсныг АНУ-ын SEC (Securities and Exchange Commission) хяналтын байгууллага шалгаж эхэлжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард хакерууд Yahoo сүлжээний 200 сая хэрэглэгчийн мэдээллийг зарж байна гэсэн мэдээлэл тарсны дараа есдүгээр сард тус компани 2014 онд 500 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг алдсанаа зарласан юм.

Дараа нь арванхоёрдугаар сард дахин зарлахдаа 2013 онд нэг тэрбум орчим хэрэглэгчийн мэдээлэл алдсанаа хүлээн зөвшөөрч байлаа.

Харин одоо SEC нь Yahoo компанийг мэдээллээ хакеруудад алдсанаасаа хойш яагаад удаан хугацааны дараа олон нийтэд зарлах болсныг шалгаж эхэлжээ.

Бүр 2014 онд Yahoo-гийн зарим ажилтнууд энэ хэргийн талаар мэдэж байгаа тухай мэдээлэл тарсан ч аажимдаа дуулиан намжсан юм.

Сүүлд нэг тэрбум орчим хэрэглэгчийн хувийн мэдээллийг интернэтийн хар зах дээр хакерууд $300 мянга орчмоор үнэлэн зарж байгаа тухай мэдээлэл цацагдаж байв.

SEC байгууллага Yahoo компаниас ингэж удаах шалтгаан байсан эсэхийг батлах материал, баримтуудыг шаардаад байгаа гэнэ.

Yahoo-ийн үндсэн бизнесийг $4.8 тэрбумаар авах Verizon компанийн наймаанд энэ шалгалт нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Зарим эх сурвалж энэ наймааг энэ оны хоёрдугаар улирал хүртэл хойшилсон тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: TheNextWeb