Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Обама эрх чөлөөний медалиар дэд ерөнхийлөгчөө шагналаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өөртэй нь хамт найман жилийн турш төрд зүтгэж, ах дүү мэт болсон гэгддэг дэд ерөнхийлөгч Жой Байденийг өчигдөр Барак Обама эрх чөлөөний одонгоор шагнаж, гэнэтийн бэлэг барьжээ.

Цагаан ордонд болсон шагнал гардуулах ажиллагаа ихээхэн сэтгэл хөдлөл, нулимстай болж өнгөрчээ.

“Энэ бол ер бусын хүн” гэж Обама хамтрагчаа тодорхойлоод “өнгөрсөн найман жилийн хугацаанд, бидний хамтдаа бий болгосон хөгжил дэвшилд тэр үүнээс илүүгээр өөрийгөө зориулах боломжгүй байсан” хэмээн магтжээ.

Байден өөрийг нь шагнах гэж байгааг огт мэдээгүй байсан тул АНУ­-ын иргэдийн хүртдэг хамгийн дээд шагналыг авахдаа сэтгэл нь хөдөлж, нулимс унагаж байв.

 

Долоо хоногийн дараа албан тушаалаасаа буух Обамагийн хувьд энэ нь сүүлчийн шагнал гардуулах ёслол юм. 74 настай Байден “ийм зүйл болно гэж төсөөлөөгүй” гээд “хүртэх ёсгүй их гавьяаг надад оноож байна” гэжээ.

Цагаан ордонд хамтран ажиллах хугацаандаа Обама, Байден нар дотно найз нөхөд болсон гэдэг. Делавар мужаас сонгогдсон сенатор байсан Жой Байденийг 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Обама өөрийн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр сонгосон юм.

Цагаан ордонд алба хаах хугацаанд нь дэмжиж байсан гэр бүлдээ талархсан Байден мөн Обамагийн гэр бүлийн төрд зүтгэсэн гавьяаг нь магтан сайшаасан байна.

“Гайхалтай зүйлсийг бүтээсэн гайхалтай хүний ажил үйлсэд би оролцож байлаа” гэж Байден Обамад хүндэтгэл үзүүлжээ.

Обама хариуд нь Байденийг “зөвхөн миний хамгийн зөв сонголт төдийгүй, Америкийн ард түмний хамгийн зөв сонголт байсан” гээд дэд ерөнхийлөгчийнхөө карьерийг дуусах болоогүй, цаашдаа ч АНУ болон хилийн чанадад нөлөөтэй нэгэн хэвээр байх болно гэжээ.

Ёслолын ажиллагаанд Байден болон Обамагийн гэр бүлийн гишүүд бүгд оролцсон байна.

 

Эх сурвалж: Reuters