Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХЦ-д эхний жилүүдэд 20 гаруйхан өргөдөл ирдэг байсан бол одоо өдөрт 2-3 болж нэмэгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр Үндсэн хуулийн манаач гэгддэг Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэсэн түүхэн товчооныг хүргэж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсан цагаасаа хойш эдүгээ хүртэл буюу 1992 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд иргэд, байгууллага, албан тушаалтнаас нийт 2,317 өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.  

Эдгээрээс эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг тооны хувьд авч үзвэл доорх байдалтай байна. 

Үүнд:

  1. Улсын Ерөнхий Прокурор - 1
  2. Улсын Дээд шүүх – 6
  3. Монгол Улсын Ерөнхийлөгч – 2

График 1, Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас нийт 9 хүсэлт иржээ. Энэ нь Цэцэд ирсэн нийт өргөдөл, мэдээлэл, гомдолтой харьцуулахад 0.3%-ийг эзэлж байна. Харин энэхүү 25 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас хүсэлт ирж байгаагүй байна.

График 2, Үүнээс үзэхэд дээрх хугацаанд иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж 2,308 өргөдөл, мэдээлэл, гомдол ирүүлсэн байна.

Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргасан байдал

График 3, Энэ хугацаанд нийт 209 маргаан үүсгэснээс 18 маргаантай холбогдуулан магадлал гаргасан байна. Харин Үндсэн хуулийн цэц дурдсан хугацаанд нийт 175 дүгнэлт гаргажээ. 1992 оноос 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд гаргасан дүгнэлтийг агуулгын хувьд ангилан үзвэл доорх байдалтай байна.

Үүнд: 

  • Эрх зүйн акт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргаан 165 /нийт дүгнэлтийн 94%/
  • Эрх бүхий албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргаан 10 /нийт дүгнэлтийн 6%/

Зөрчсөн гэж гарсан дүгнэлтийн тухайд

График 4, Үндсэн хуулийн цэцийн гаргасан нийт 175 дүгнэлтийн 100 нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргажээ.

Үүнээс:

  • УИХ-аас хүлээн зөвшөөрөөгүй дүгнэлт 58 буюу нийт зөрчсөн гэж гарсан дүгнэлтийн 58%
  • УИХ-аас хүлээн зөвшөөрсөн дүгнэлт 36 буюу нийт зөрчсөн гэж гарсан дүгнэлтийн 36%
  • Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан дүгнэлт 4 нийт зөрчсөн гэж гарсан дүгнэлтийн 4%-ийг
  • УИХ-аас тогтоол гаргаагүй 2 буюу нийт зөрчсөн гэж гарсан дүгнэлтийн 2%-ийг эзэлж байна.

Үндсэн хуулийн цэцээс маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байдал

Үндсэн хуулийн цэц байгуулагдсан эхний жилүүдэд нэг жилдээ 20 гаруйхан өргөдөл, мэдээлэл ирдэг байсан бол одоо өдөртөө л 2-3 болж, ирж буй өргөдөл, мэдээллийн хууль зүйн үндэслэл нь зөв зүйтэй бүрэн тусгагдах болсон байдал ажиглагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн шүүх өнөөдрийг хүртэл хугацаанд хүлээн авсан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн 99 хувийг иргэд, зөвхөн нэг хувийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргажээ. Үүнээс үзэхэд манай иргэд Үндсэн хуулиа сахин хамгаалахад  илүү идэвх санаачлага, хүчин чармайлт гаргаж байна. 

Ирсэн өргөдөл, мэдээлэл, гомдлыг агуулгыг олон жилийн дунджийг авч үзвэл:

  • Хууль, түүний холбогдох зүйл заалт, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 50-60 орчим хувь, 
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 10-20 орчим хувь, 
  • Төрийн өндөр албан тушаалтан /Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор/ Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлаар 15-20 орчим хувь нь Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Үндсэн хуулийн цэц энэ 25 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэцийн тогтоол 64, дүгнэлт 175, магадлал 325-ыг гаргажээ. Энэ хугацаанд Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр 170 орчим шийдвэрийг гаргасан байна.

Цэцээс гаргасан дүгнэлтийн тухайд Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн Хоёрдугаар бүлгийн холбогдох заалтууд нийт 65 удаа зөрчигдсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр иргэдийг ялгаварлан гадуурхсан, тэгш бус хандсан гэсэн 20 орчим хууль, тогтоомжийн холбогдох заалтыг хүчингүй болгосон байна.

Хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон /Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн талаар/ нийт 80 гаруй маргааныг хянан шийдвэрлэснээс 50 орчим хувьд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ.


Дээрх тоо баримтыг  давхардсан тоогоор авсан бөгөөд Цэцийн зарим шийдвэрийн тухайд Үндсэн хуулиар баталгаажсан хэд хэдэн эрхийг зөрсөн талаар шийдвэрлэсэн байдаг.