Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр орой сансрын биет Дэлхийтэй ойрхон өнгөрчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

11-34 метр диаметртэй астероид буюу сансрын чулуулаг биет Улаанбаатарын цагаар 20:47 цагт манай дэлхийд маш ойрхон өнгөрсөн байна. Сонирхолтой нь уг биетийг ердөө хоёрхон хоногийн өмнө буюу Бямба гарагт Аризонагийн Их сургуулийн судлаачид илрүүлсэн ажээ.

Ийнхүү цаг тулгаж мэдсэн нь астероид секундэд 16 км хурдтай нисэж байснаас болсон гэнэ.

Уг астероидыг “2017 AG13” гэж нэрлэдэг бөгөөд дэлхийд 200,000 км зайнд ойртсон нь сансрын хэмжүүрээр ойрхонд тооцогдоно. Өөрөөр хэлбэл дэлхийгээс сар хүртлэх зайны хагас гэсэн үг юм.

Судлаачид хэрвээ энэ астероид агаар мандалд орж ирсэн бол олон жижиг хэсэг болон дэлбэрэх ба дэлбэрэлтийн хүч нь Нагасакид хаясан атомын бөмбөгөөс 10 дахин их эрчим хүч гаргах байсныг тооцоолжээ.

Бас дэлхий нийтээр нөлөөлөхгүй, тодорхой хэсэг газарт осол, эвдрэл үүсгэхээр байсан гэнэ. Өөрөөр хэлбэл 2013 онд Оросын Челябинск орчмын агаар мандалд дэлбэрсэн солиртой ижил хэмжээний нөлөө үзүүлэх байжээ.

Тухайн үед эзгүй газарт өргөн хэмжээний эвдрэл үүсэн, ойролцоох айлуудын цонхны шил хагарч байсан юм.

2017 AG13 астероидын замын дүрслэл:

Эх сурвалж: Sputniknews