Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп, Жэк Ма нар хамтдаа “ямар нэг том зүйл” бүтээхээ амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Дональд Трамп, Жэк Ма нар уулзлаа

Өчигдөр буюу Даваа гарагт Алибаба Группын тэргүүн Жэк Ма АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамптай уулзаж ярилцжээ.

Энэ үеэрээ Жэк Ма Америкийн зах зээлд хөрөнгө оруулж, 1 сая ажлын байр бий болгохоо амласан байна.

Ингэхдээ тэрээр өөрийн онлайн худалдааны платформд Америкийн 1 сая жижиг, дунд бизнес эрхлэгчдийг холбоно гэсэн ба үүний цаана бизнес бүрт дор хаяж нэг ажлын шинэ байр бий болно гэж тооцжээ.

Дональд Трамптай сонгуульд ялснаас нь хойш олон бизнесмэн ирж уулзаж байгаа ч Магийн 40 минутын уулзалт онцгой ач холбогдолтой байлаа. Учир нь Трамп Хятадтай харилцах АНУ-ын харилцаанд шинэ уур амьсгал оруулж, нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Алибабаг мөн хэдхэн хоногийн өмнө Цагаан ордон хуурамч бараа түгээдэг, найдваргүй эх үүсвэрээр нэрлэн “хар жагсаалтад” оруулсан юм.

Үүнийг нь Жэк Ма улс төржсөн шийдвэр хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв.

Трамптай Маг уулзсаны дараа Алибабагийн хувьцааны үнэ Нью Йоркийн биржийн арилжааны хаалтын үеэр 1 хувиар өссөн байна. Трампын засаг захиргаатай учраа ололцох нь Алибабагийн хувьд амин чухал. Өнгөрсөн жил АНУ-ын 7,000 брэнд бүтээгдэхүүн Алибабагийн платформоор Хятадын хэрэглэгчдэд хүрсэн нь $15 тэрбумын хэмжээтэй наймаа болсон байна. Мөн Алибабаг дэлхийд гарахад АНУ-ын зах зээл голлох үүрэгтэй.

Матай уулзсаны дараа Трамп цамхагийнхаа нэг давхарт сэтгүүлчидтэй уулзсан Дональд Трамп “Жэк бид хоёр томоохон зүйлсийг хамтдаа хэрэгжүүлэхээр боллоо” гэж мэдэгджээ.

Уулзалтын дараа Алибабагийн твиттер хуудсанд “АНУ-ын жижиг бизнес эрхлэгчид, фермэрүүдийн барааг Хятадын 300 сая дундаж давхаргынханд хүргэснээр Америкт ажлын олон шинэ байр бий болгох” тухайгаа мэдээлсэн байна.

Ийнхүү Трампын Америкийг дахин хүчирхэг болгох төлөвлөгөөнд тал зассан бизнесийн томчууд Нью-Йоркийн Трамп цамхагийг зорьсоор байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post