Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын баячуудын дийлэнх нь өв залгамжлагчид

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Өмнөд Солонгосын Самсунг группын өв залгамжлагчид

АНУ, Хятад, Япон зэрэг орнуудын хөрөнгөтнүүд ихэвчлэн өөрийн хүчээр буюу entrepreneurship замналаар баяжсан байдаг бол Өмнөд Солонгосын топ хөрөнгөтнүүд ихэвчлэн өв залгамжлалаар баяжсан онцлогтой болохыг нэгэн судалгааны байгууллага харуулсан байна.

Өмнөд Солонгосын топ 500 компанийн жагсаалтыг гаргадаг CEO Score судалгааны байгууллага энэ тухай мэдээлжээ.

Судалгаанд дурдсанаар Өмнөд Солонгосын хамгийн баян 40 хүний 62.5 хувь нь хөрөнгө өвлөж баяжсан хүмүүс байна. Харьцуулбал, АНУ-д топ 40-ийн 10 нь өв залгамжлагч байгаа бол Японд 12 байжээ. Харин Хятадад дөнгөж 2.5 хувь нь өв залгамжилж баяжсан хүмүүс байсан гэнэ.

Өмнөд Солонгост том баячууд нь ажил хэрэг, албан тушаалаа үр хүүхэддээ залгамжлуулдаг бол гадны баячууд, тухайлбал Билл Гэйтс өөрийн хүүхдүүдийг өөрөө баялаг бий болгон амьдрах ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг юм.

Солонгосын энэхүү өв залгамжлах соёл нийгэмд гүнзгий шингэсэн бөгөөд залуу өв залгамжлагчдыг чаебол хэмээн нэрлэдэг.

Солонгосын Бизнесийн Их сургуулийн профессор Жан Ха Суний баталж байгаагаар зах зээлийг ийм чаебол нар удам дамжин хяналтандаа байлгах нь зөвхөн баян хоосны ялгааг ихэсгээд зогсохгүй, том компаниуд ба жижиг дунд бизнес эрхлэгчдийн зөрүүг ихээр нэмэгдүүлж байгаа ажээ.

Жан профессор Өмнөд Солонгосын топ 100 баяны 84 нь өв залгамжлагчид байгаа бол АНУ-д өөрөө тэрбумтан болсон хүмүүс 78 нь байгааг судалгаандаа мөн харуулсан байна.

 “Солонгос дахь Капитализм” номынхоо нээлтийн үеэр Жан профессор “Топ 100 компани нь нийт ашгийн 60 хувийг хүртдэг мөртлөө ажлын байрны дөнгөж 4 хувийг хангадаг ийм зах зээлийн системтэй Өмнөд Солонгост АНУ шиг энтрепренюрууд гарч ирэх боломж маш бага юм” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Korea Times