Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний ерөнхийлөгчийн АНУ-аар дайран өнгөрөх аялалыг Бээжин ажиглаж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн

Бээжингийн анхаарлын төвд байгаа Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэний Төв Америкийн орнуудаар хийх албан ёсны айлчлал өчигдөр буюу Бямба гарагт эхэллээ.

Ингэхдээ Цай хоёр удаа АНУ-д түр буудаллах бөгөөд энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамптай уулзахаас Хятад улс болгоомжилж байгаа юм.

Хэрвээ ийм үйл явдал болвол Хятад-АНУ-ын харилцаанд маш том хямрал нүүрлэх болно. Трамп сонгуульд ялсныхаа дараа Тайваний ерөнхийлөгчийн баяр хүргэсэн утасны дуудлагыг хүлээн авсан нь олон арван жил тогтоод байсан дипломат уламжлалыг эвдсэн хэрэг болж Бээжинг бухимдуулж байв.

Тиймээс энэ удаа Трамп, Цай Ин Вэн нар уулзвал Хятад Тайваний эсрэг эрс хатуу арга хэмжээ авна гэдгээ урьдчилж сануулсан юм.

Цай ес хоногийн айлчлалаа Бямба гарагт эхэлж байна. Энэ нь түүний өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгч болсноос хойш хийж байгаа хоёр дахь гадаад айлчлал. Тэр Бямба гарагт АНУ-ын Хьюстонд түр буудаллаад дараа нь Гондурас, Никарагуа, Гватемал, Сальвадор улсуудыг зорих юм.

Нэгдүгээр сарын 14-нд буцахдаа тэр АНУ-д хоёр дахь удаагаа саатаж Сан Францискод буудаллана.

Цай Ин Вэн нисэх буудалд хийсэн мэдэгдэлдээ өөрийн аялалыг хоёр зорилготой гэж хэлсэн байна. Нэгд, тэр Тайванийг хүлээн зөвшөөрдөг эдгээр улсуудтай харилцаагаа бэхжүүлэх, хоёрт, тэдгээр орнуудад хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэлэлцэх гэжээ.

Тайваний хувьд дипломат харилцаатай 21 улс л байдаг бөгөөд тэднийгээ алдахгүй байх нь маш чухал юм. Гэвч Бээжингийн хатгалгаар Никарагуа улс удахгүй Тайваниас харилцаагаа тасалж магадгүй гэсэн яриа гараад байгаа.

Өнгөрсөн сард баруун Африкийн Сан Томе ба Принсипи улс Тайваниас дипломат харилцаагаа салгаж, Бээжинтэй харилцаагаа сэргээсэн нь Тайпэйд том цохилт болсон.

Хэдийгээр Трамп, Цай нарын уулзалт болох магадлал бага байгаа ч Бээжин Тайваний ерөнхийлөгчийн айлчлалыг анхааралтай ажиглаж байна. Энэ айлчлалын үеэр АНУ-ын зүгээс гарах үйлдэл нь Трампын засаг захиргааны Хятадын талаар баримтлах бодлогын илрэл болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: South China Morning Post