Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ikon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс сүрьеэгийн тархалт, сүрьеэгийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй Номхон далайн баруун бүсийн долоон орны тоонд орсон байна. Мөн шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг 16-44 насныхан эзэлж байгаа бөгөөд өвчлөлийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод тохиолдож байна.

Ялангуяа сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь олны сэтгэлийг ихээр түгшээх боллоо. 2016 оны арван нэгдүгээр сарын байдлаар шинэ тохиолдол 2,249 бүртгэгдсэнээс 10,000 хүн амд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл 9-10 хувийг нь эзэлсэн байна. 

“Нийслэлийн эрүүл мэндийн газар”, “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) НҮТББ хамтран нийслэлийн хүн амын, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, MHI байгууллагын үүсгэн байгуулагч, Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Тус хөтөлбөрийг санаачилсан MHI байгууллага нь Харвардын Их Сургуулийн албан ёсны эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бөгөөд эрүүл мэндийн салбарт Харвардын Их Сургуулийн стандартыг нэвтрүүлж талбар дээр судалгааны мэдээлэл цуглуулж, өөрсдийн гадаад дотоод хяналттай лабораторид шинжилгээ хийж, үр дүнг Харвардын эрдэмтэдтэй хамтран боловсруулан, Монголын эрүүл мэндийн бодлого боловсруулалтад хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Сүрьеэгийн халдварыг илрүүлэх, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөөг судлах чиглэлээр 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж Монгол улсын хэмжээнд нийт 11 судалгааг амжилттай хийж дэлхийн нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд хэвлэн судалгааныхаа үр дүнг баталгаажуулсан. 

MHI байгууллага Улаанбаатар хотын 6-13 насны 9,147 хүүхдэд сүрьеэгийн халдварыг цусанд тодорхойлох олон улсын алтан стандарт IGRA шинжилгээг хийсэн ба судалгааны урьдчилсан дүнгээр нэг хүн сүрьеэгээр өвдөхөд  түүний гэр бүлийн гишүүдийн халдвар авах эрсдэл дөрөв дахин, дам тамхидалттай орчинд амьдардаг хүүхдүүдийн сүрьеэ өвчнөөр өвдөх магадлал 40 хувиар, тус тус нэмэгддэг болох нь нотлогдсон.

Сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол ядмаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ муу байгаатай холбоотойгоос гадна агаарын бохирдол, тоосжилт, хүнс тэжээл аминдэмийн дутагдал зэрэгтэй шууд холбоотой юм.  

“Амьсгалж буй бүхэнд хамаатай” энэхүү өвчинтэй нэг байгууллага бус нийтээрээ идэвхтэй тэмцэх нь чухал болоод байна. Дэлхийд нийгмийн эрүүл мэндийн салбарт тэргүүлэгч Харвардын Анагаах Ухааны сургууль сүрьеэ өвчинтэй тэмцэх тэмцлийг шинэ шатанд гаргаж далд халдварыг илрүүлж эмчилснээр сүрьеэ өвчнийг “тэглэх” хөтөлбөрийг боловсруулан 2016 -2020 оны хооронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

MHI байгууллагын хувьд ч энэхүү тэмцлийн хүрээнд Улаанбаатар хотод сүрьеэгийн халдварыг илрүүлдэг алтан стандарт IGRA шинжилгээг нутагшуулахаар ажиллаж байна.

IGRA шинжилгээ нь цуснаас сүрьеэгийн халдварыг илрүүлнэ, сүрьеэгийн БЦЖ вакцинжуулалтын байдал уг шинжилгээний үр дүнд нөлөөлдөггүй буюу хуурамч эерэг хариу гарахгүй, уушгины болон бусад эрхтний сүрьеэгийн халдварыг  ялган оношлох, сүрьеэгийн арьсны сорилтой харьцуулахад мэдрэг чанар, өвөрмөц  чанар өндөр зэрэг давуу талтай.

Хөтөлбөрийн хүрээнд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийхээс гадна насанд хүрэгчид, өсвөр үе, хүүхдийн сүрьеэтэй тэмцэхэд чиглэсэн сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах, эрсдэлт бүлгийн хүүхдэд болон тэдэнтэй ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, сувилагч болон нийтийн үйлчилгээний ажилтнуудын дунд өвчний эрт илрүүлэг, үзлэгийг зохион байгуулах, сүрьеэгийн талаар сургалт  сурталчилгааг хийж, өвчний эрсдэлийг олон нийтэд таниулах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. 

Дашрамд дуулгахад, МУГЖ, соёлын элч Д.Алтанхуяг “Сүрьеэгүй Улаанбаатар хот” хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр  ажиллахаар болсон байна.