Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

БЗДХ-ын тархалтыг бууруулах талаар Төрөөс явуулж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн үр дүн

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 1 сарын 5
Сурталчилгаа
 

МУЗГ, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч “Иргэний Боловсролын төв”-өөс төрийн бодлого хөтөлбөрт мониторинг хийх залуучуудын чадавхийг дээшлүүлэхзорилгоор залуучуудын байгууллагуудын дунд зарласан мониторингийн төсөлд YouthLEAD залуучуудын байгууллага нь “БЗДХ-ын /Бэлгийн замаар дамжих халдвар/ тархалтыг бууруулах талаар төрөөс явуулж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийх нь” сэдвээр шалгарч, төсөл хэрэгжүүлсэн болно.


Сүүлийн жилүүдэд Монгол Улсад бэлгийн замаар дамжих халдварын тархалт  хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд эдгээрээс тэмбүүгийн тархалт дийлэнх хувийг эзэлж байна. Тодруулбал: 

  • 2013 онд 10,000 хүн ам тутмын 17.8  (4954 хүн)
  • 2014 онд 10,000 хүн ам тутмын 22.2  (6246 хүн)
  • 2015 онд 10,000 хүн ам тутмын 25.9 (7678 хүн) нь тэмбүүгийн халдвартай болох нь судалгаагаар тогтоогджээ.

Мөн  жил бүр тэмбүүгийн халдварын тоо өссөөр байгаа нь төвлөрсөн хүн амтай манай орны үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. 

Манай улсын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насныхан буюу өсвөр насныхан эзэлдэг. Гэтэл  хүн амын 40 орчим хувийг эзэлж байгаа хүүхэд, залуус маань өнөөдөр  нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд  үнэхээр асуудалтай, анхаарал татмаар тоо баримттай сууж байна. Тухайлбал, БЗДХ, Тэмбүүгийн халдварын тархалт 15-40 насны хүн ам буюу дийлэнхдээ залуу үеийнхэнд илэрч байгаа нь “Улаан тариа”-ны үе гэгдэж, улсын бодлогоор тэмбүүгийн тархалтыг дарж байсан үе дахин ирж болзошгүйг бидэнд  сануулж байна. 

Аливаа улсад ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тархалтыг үндэсний хэмжээнд чухлаар авч үзэн, тасралтгүйгээр бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байдаг. Харин манай орны хувьд Тэмбүү , БЗДХ-ын  тархалт өмнөх жилүүдтэй харьцуулахад хурдацтай нэмэгдэж байгаа нь тэдгээртэй тэмцэх улсаас гаргасан хууль, тогтоол бодитоор хэрэгжихгүй байгаа эсвэл аль нэг шатандаа алдаа дутагдал  буйг харуулж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд манай  улсад бэлгийн замаар дамжих халдвар ихсэж байна. Ялангуяа, 15-24 насныханд тэмбүүгийн тархалт  их байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Манай улс 2015, 2016 онуудад ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөгүй явж ирсэн ба 2016 оны дөрөвдүгээр сард Байнгын Хорооны 10 дугаар тогтоол гарч ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх “Үндэсний хороо”-г дахин байгуулж тэдгээртэй тэмцэх үндэсний гуравдахь стратегийг II улиралд багтаан боловсруулахаар тусгагджээ.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд бид ЭМЯ-ны ХДХВ/ДОХ, Сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Өнөржаргалаар ахлуулсан ажлын хэсэгтэй уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас энэ чиглэлээр ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж буй талаар асууж тодруулсан болно. Үүнд: 

  • 2010-2015 оны хооронд “Төрөлхийн тэмбүү өвчнөөс сэргийлэх үндэсний стратеги” мөн “Жирэмсэн эмэгтэйн тэмбүү өвчнийг эрт оношлох, эмчлэх журам” Эрүүл мэндийн сайдын 2011 оны 350 тоот тушаал зэрэг хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж дууссан  бөгөөд  2015 оноос хойш дорвитой арга хэмжээ аваагүй байна. 
  • 2016 онд шинэ Засгийн газар байгуулагдсанаар ЭМЯ-нд шинээр бий болгосон “Өсвөр үе эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн” мөн дүүргийн боловсролын хэлтэст “Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэнгүүд” өсвөр үе, залуучуудад чиглэсэн БЗДХ болоод бусад өвчлөлийг хариуцан ажиллаж байна.

Харин тогтоолын 1.1-т заасан “Үндэсний хороо”-г дахин байгуулах ажил хэрэгжээгүй бөгөөд ирэх онд дахин хэлэлцэгдэх юм байна. Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд бусад яам болоод, аймаг, нийслэлийн Засаг дарга нар уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байв.

Мөн энэхүү дүрэм журам, тогтоол шийдвэрүүдийг холбогдох байгууллагууд нь шат дараатай хэрэгжүүлдэггүй, түүнд тавих хяналт сул байгаагаас үүдэн иргэд, хөдөлмөрийн насныхан, хүүхэд залуус эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг  цаг тухайд нь хүлээж авч чаддаггүй, шаардлагатай үед нь эрүүл мэндийн байгууллагаас хэрэгцээтэй тусламж дэмжлэгийг үзүүлж байгаагүйтэй холбоотой гэдгийг судалгааны дүнгээс харж болохоор байна.  Түүнчлэн насанд хүрэгчид нь ч гэсэн эрүүл аж төрөх талаар үнэн зөв мэдээлэл авч чаддаггүй гэсэн дүн гарсан байна.

Мөн суурь судалгааны дүнг нь сонирхвол, өсвөр насныханд тулгамдаад байгаа олон чухал асуудлуудыг эндээс харж болохоор байна. Тухайлбал, өсвөр насны охидын жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчний тархалтын хувь өндөр, нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэл авах боломж хомс байгаа нь бодит байдал дээрээс хийсэн судалгаануудаас харагдаж байв.

Өөрөөр хэлбэл, бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ирээдүй хойч үедээ боловсрол олгож, системтэй мэдлэг мэдээллээр хангах нь асуудлыг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, БЗДХ-ын тархалтыг цаашид бага байлгах чухал алхам юм. Энэ  утгаараа  мөн л  10 дугаар  тогтоолд заасан “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох хичээлийг бие даасан хэлбэрээр тусгах” ажлын хэрэгжилтийг тодруулах зорилгоор БСШУСЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэнтэй уулзан дээрх ажлын явцыг мөн тодруулсан болно. 

  • Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг бие даасан хэлбэрээр бус биеийн тамрийн хичээлтэй хослуулан “Биеийн тамир-эрүүл мэнд” нэртэйгээр орж байна. 
  • Эрүүл мэндийн боловсролыг дээрхи дурдсанаас гадна анги удирдсан багш иргэний боловсрол хичээлээр мөн орж байгааг онцолсон. Мөн бие даасан хэлбэртэй болгох ажил нь явц дундаа явж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс хэрэгжих эсэх нь мөн л тодорхойгүй байгаа юм. Үүнтэй уялдан  бид Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ЕБС-уудын ахлах ангийн сурагчдаас нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг хэрхэн олж авдаг, мөн түүнийг нь үнэлэхийг зорин түүвэр судалгаа явуулсан болно. Ингэхэд:
  • Нийт судалгаанд хамрагдсан залуусаас 40 хувь нь эрүүл мэндийн хичээлийг хоёр ба  түүнээс доош жил үзсэн нь ЕБС-д тус хичээлийн хөтөлбөр хүүхдүүдэд хүртээмжгүй байгаа нь харагдаж байна. Нөхөн үжихүйн эрүүл мэндийн талаар мэдээллийг 56% нь хичээлээс гадуур найз, гэр бүл, нийтийн сүлжээнээс авдаг байна.
  • БЗДХ-ын талаар мэдээлэл бага болон огт байхгүй хэмээн нийт судалгаанд хамрагдсан залуусаас 62 хувь  нь хариулсан байгаа нь БЗДХ-ын эрсдэл өсвөр үе залуусын дунд 10 хүн тутмын 6-д  байгааг харуулж байна.
 
  • БЗДХ-ын шинж тэмдэг илэрвэл хаана хандахаа мэдэхгүй 44 хувь байна. Энэ нь цаашид өвчин даамжрах болоод архагших түүнчлэн өөрийгөө өвчтэйг мэдэхгүй халдвар тараах боломжтой байна.

Эцэст нь ахлах ангийн сурагчдын 68 хувь  нь эрүүл мэндийн хичээлийг ахлах ангийнханд бие даасан хэлбэрээр оруулах шаардлагатай гэж үзэж буй нь судалгаанаас харагдсан юм.

Дүгнэлт

Манай улсад ХДХВ/ДОХ, БЗДХ-ыг бууруулах, хязгаарлах талаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа хэдий ч төр засгаас баталж, мөрдөхөөр тусгагдсан системтэй бодлого хөтөлбөр байхгүй байсаар мөн л энэ жилийг үдэж байна.

Нэгдсэн хөтөлбөр хэрэгжээгүй байгаагаас гадна бэлгийн боловсролын талаарх мэдлэг мэдээллийг олж авах механизмыг мөн алдагдуулсаныг сурагчдын талаас илүү буюу 56% нь хичээлээс гадуур энэ талаар мэдлэгтэй болдог хэмээн хариулсан судалгааны үр дүнгээс харж болно. 

Мониторинг хэрэгжүүлж байхад ажиглагдсан гол асуудлуудын нэг нь төр засгаас  ХДХВ/ДОХ-ыг хамгийн тулгамдаж буй асуудал мэтээр авч үзэн БЗДХ-ыг орхигдуулах хандлагатай байдаг нь ажиглагдсан юм. Иймээс ХДХВ/ДОХ гэж туйлшрахгүйгээр энэ нэршлийн дор дарагдчихаад байдаг бэлгийн замаар дамжих бусад халдварт  тусгайлан анхаарал хандуулж цэгцтэй хөтөлбөрийг цаг алдалгүй  бий болгох шаардлага тулгараад байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.