Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ЗАХИАЛАГЧИЙГ удахгүй зарлах уу?

Б.Ану
2017 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн шүүх хурал шинэ оны өмнөхөн болж анхан шатны шүүхийн шийдвэр гараад байгаа билээ. 

Яллагдагчдын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж давж заалдахаа мэдэгдсэн. 

Тэгвэл энэ шүүхийн шийдвэр бодитой гарсан уу гэх олон нийтийн эргэлзээ их байгааг бид олон нийтийн сүлжээ, уншигчдын сэтгэгдлээс бэлхэн харж болно. Мөн шүүхийн шийдвэрт олон нийт итгэлгүй байгааг УИХ-ын гишүүд ч нотолж чуулганы индрээс өөрсдийн үгээ хэлсэн билээ. 

Гэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жил хорих ял оноосноосоо илүү энэ хэргийн захиалагч хэн байв гэдэг асуулт хариултаа олоогүй үлдээд буй.

Захиалагч заавал байгааг шүүхийн шийтгэх тогтоол нотолно. 

Ял авсан гурван хүний гурвуулангийнх нь шийтгэх тогтоолд хэргийг захиалгаар хийсэн гэх үг багтжээ. 

Захиалгаар болон бусад сэдлээр үйлдсэн болохыг тогтоож Монгол Улсын шүүх ч яллалаа. 

Тэгвэл энэ гурвын алиных нь ч шийтгэх тогтоолд “ЗАХИАЛСАН” гэх үг байсангүй. 

Гурван хүн гурвуулаа энэ хэргийг захиалгаар үйлдсэн бол “ЗАХИАЛСАН” хүн яагаад ялгүй үлдэж байна вэ гэдэг асуулт нийгэмд бий болов. 

Өөрөөр хэлбэл, С.Зоригийн хэргийн гэмт хэрэгтнүүд буюу захиалсан хүн/хүмүүс шийтгүүлсэнгүй. Хэрэг хаагдаагүй болж таарав.

Харин хууль, шүүхийн зарим эх сурвалж шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа С.Зоригийн хэргийг шүүж эхлэхдээ л шүүхийнхэн хэргийг тусгаарлаагүй учир түүний хэрэг бүхэлдээ шийдэгдсэн байх магадлалтай талаар хэлэв. 

Өөрөөр хэлбэл энэ хэргийг тусгаарлаж буюу хувааж шалгаагүй учир шүүхийн шийдвэр энэ хэрэгт бүхэлд нь оноосон ял гэж үзэх нэгэн байлаа.

Тэгэхээр “ЗАХИАЛСАН” гэх этгээд ял аваагүйн учрыг хуулийнхан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.3 заалтаар тайлбарлахаас өөр ойлголт бидэнд алга гэв. 

24.1.3- т “Гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан ...” гэх агуулга байх ажээ. 

Гэтэл өнгөрсөн сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы үеэр  "Захиалгаар хүний амь нас хохироосон. Үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг шатааж хохироосон гэсэн дүгнэлт өгсөн" гэж С.Зоригийн хэргийн талаар прокурор М.Энх-Амгалан ам нээсэн билээ. 

Хаалттай болсон Шүүх хуралдааны шийтгэх тогтоолд ч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан хэрэгт нь ял оноосныг нотолсон.

Тэгвэл М.Энх-Амгалан прокурор санаатай, санаандгүй аль нь юм мэдэхгүй ч ямартай ч УИХ-ын чуулганы үеэр гэмт хэрэгтнүүд хэргээ нуун далдлах зорилгоор дөрвөн хүнийг шатааж хөнөөсөн гэж тодорхой хэлсэн нь С.Зоригийн хэрэг шийдэгдсэний дараагаас нууц байсан сэжүүрүүдийг тодруулав. 

Өчигдрийн “Өдрийн Сонин”-ы дугаарт энэ талаар бичихдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь С.Зоригийн амь насыг хөнөөхдөө дөрвүүлээ байсан бөгөөд дөрөв дэх хүн нь энэхүү хэргийн захиалагчийн бие хамгаалагч байсан талаар дурджээ. Харин гэмт этгээдүүд дөрөв дэх хамсаатнаа гэр бүлийнх нь буюу эхнэр, хоёр хүүхдийнх нь хамт галдан шатаасан хэрэг 2007 онд гарсан тухай “Өдрийн сонин”-нд нийтэлжээ. 

Энэ хэрэг Эрдэнэт хотод гарсан талаар ч бичсэн байна.

Тэгвэл хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийн ЗАХИАЛАГЧ нь хэн байв гэдгийг түвэггүй мэдчихэж болохоор байна. Хэргийг үйлдсэн дөрөв дэх хүн хэн байсныг мэдэж л байгаа бол, тэр нь хэн нэгний бие хамгаалагч байсан бол, тэр хэний бие хамгаалагч байв гэдэг нь хууль хяналтынханд алган дээр тавьсан мэт ил мэдэж болох зүйл болов уу. 

Гэтэл Монголын шүүх, прокурор, тагнуул яагаад энэ хэргийн ЗАХИАЛАГЧ хэн бэ гэдгийг олон нийтээс нууж байна вэ. 

Хэргийн нотлох баримт улсын нууцад хамаарах ёстой байвч ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙГ УЛСЫН НУУЦАД хамааруулдаг уу?

Эрүүгийн хуулийн:

  • “35.1.Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ.
  • 35.2.Гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээдийг захиалагч гэнэ.
  • 37.4.Захиалагчид түүний захиалсан гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас доогуур ял оногдуулж болохгүй” гэж заажээ. 

Тэгэхээр шүүхийн шийдвэр захиалгаар үйлдсэн буюу гүйцэтгэгч нарт оноосон ял байв. Харин тэднээс доогуур ял оногдуулж болохгүй хэрэгтэн/“ЗАХИАЛАГЧ” хаана байна?

Эсвэл үнэхээр зарим шүүхийн эх сурвалжийн хэлж буйгаар энэ хэрэг ямар нэгэн байдлаар тусгаарлагдсан эсэх нь олон нийтэд нээлттэй биш байгаа учир хэрэг бүхэлдээ шийдэгдсэн.

Өөрөөр хэлбэл захиалагч нас барсан.

Нас барсан байлаа гэхэд “Захиалагч” –ийн нэр улсын нууц биш учир олон нийтийн мэдэх эрхийг хууль, шүүхийхэнхэн хангах ёстой...

Хэрэв захиалагч нас бараагүй хэргийг тусгаарлан шалгаж байгаа бол түүнийгээ ч мэдээлэх ёстой баймаар. Өнөөдөр зарим хуулийн эх сурвалж энэ хэргийг тусгаарлан шалгаж байгаа талаарх мэдээлэл тараав.

УИХ-ын чуулганы үеэр санаатай/санамсаргүй унагасан М.Энх-Амгалан прокурорын мэдээллээр ПРОКУРОР энэ хэргийг захиалгаар үйлдсэнийг бол хянаж тогтоожээ. Шүүх ч түүнийг нотлов. Захиалгаар үйлдсэнийг тогтоосон бол Захиалагчийг ч тодруулсан байж таарна.  Хэзээ тэрний/тэдний хэргийг шүүхэд ШИЛЖҮҮЛЭХ ВЭ?