Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүлжүүлэх байранд бие нь муудсан иргэдийг эмнэлэг рүү шилжүүлэхээс өөр аргагүй"

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн зарим зүйл заалтад 2013 оны долоодугаар сард өөрчлөлт оруулж, Эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд ажиллуулахаар шийдвэрлэсэн билээ.

Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор архидан согтуурсан иргэд эмнэлгийн байгууллагын ажилчдад агсам согтуу тавих, эмчилгээгээ дундаас нь орхиж, эмчийн зөвшөөрөлгүй эмнэлгээс гарч явах гэх мэт зөрчил гарах болсныг үндэслэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод буй.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд орж буй өөрчлөлтийн талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах байцаагч Б.Адъяахүүтэй ярилцсан юм.

- Одоогийн байдлаар эрүүлжүүлэх байруудын нөхцөл байдал ямар байгаагаас яриагаа эхлэх үү?

- 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг Эрүүл мэндийн байгууллага хариуцан хэрэгжүүлж, цагдаагийн байгууллага согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон иргэдийг хүлээн авч саатуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүлжүүлэх байрыг “Саатуулах байр”-ны зориулалтаар өөрчлөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт зөрчил үйлдсэн хүнийг саатуулах зорилгоор ашиглаж байгаа.

- Нийт эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн хэдэн хувийг эмнэлэг дээр хүлээн авч байгаа вэ?

- Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2014, 2015, 2016 онуудад Улаанбаатар хотын хэмжээнд нийт 164,394 согтуугийн дуудлагаар бүртгэгдэж үүнээс 170,710 хүнийг буюу 96.3 орчим хувийг цагдаагийн байгууллага албадан саатуулж, эрүүл мэндийн байгууллагад үлдсэн 6,316 хүнийг буюу 3-4 орчим хувийг хүлээлгэн өгсөн байдаг. 

- Ямар тохиолдолд иргэдийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч, эрүүлжүүлдэг юм бэ?

- Нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай, биедээ гэмтэл авсан, хүнд болон халдварт өвчтэй, мансууруулах бодис хэрэглэж хордсон нь тогтоогдсон иргэдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авахгүйгээр эмнэлгийн түргэн тусламж дуудаж шилжүүлдэг.

Эмнэлгийн байгууллагуудаар яваад харж байхад хордлого тайлах эмчилгээг үнэхээр цаг алдалгүй хийж байгаа хэдий ч нөгөө иргэн сэргээд ухаан ороод агсам согтуу тавиад эхлэхээр эргээд цагдаагийн байгууллагад хандахгүй байгаа нь ажиглагдсан. Сэргээх үйл ажиллагааны дараа иргэн агсам согтуу тавиад байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, албадан саатуулах ёстой.

Уг нь архи, согтууруулах ундааны архаг болон хурц хордлогод орсон иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх нь олон эерэг үг дүнг дагуулж байгаа.

- Хордлогод орсон иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлснээр тухайлбал ямар эерэг үр дүн гарсан бэ?

- Саатуулах байранд бие нь муудсан иргэнд эмнэлэгийн тусламж үзүүлж, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгснөөр архины архаг, хурц хордлого, өвчний улмаас нас барсан хүний тоо 70 хувиар буурсан нь эмнэлгийн үйлчилгээг цаг алдалгүй хүртэсний үр дүн юм.

Архины архаг, хурц хордлого, өвчний улмаас нас барсан хүний тоо 70 хувиар буурсан.

Ийм эерэг үр дүн гарсан хэдий ч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг дүүргүүд дэх эрүүл мэндийн нэгдэлд хүлээн авсанаар эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна гэх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсээр байгаа.

Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс хүндрэлтэй байгаа талаараа холбогдох газруудад мэдэгдэж, ХЗЯ-н дээр хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулагдаж, Засгийн газраар хэлэлцэж дэмжсэн. 

Миний хувьд энэ өөрчлөлт нь гаргасан эерэг үр дүнгээсээ ухарсан явдал боллоо гэж харж байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

- Эрүүлжүүлэх үйл ажиллагааг эргээд Цагдаагийн байгууллагын харьяалалд шилжүүлсэн тохиолдолд хэвийн ажиллах боломжтой юу?

Нийслэлийн хэмжээнд нийт есөн саатуулах байр үйл ажиллагаагаа явуулж байгаагаас төвийн дүүрэг дэх цагдаагийн хэлтэст зургаа, алслагдсан дүүргийн хэлтэс, тасагт гурав, төмөр зам дахь цагдаагийн хэлтэст нэг бий.

Сүүлийн гурван жилд эрүүлжүүлэх байруудад мэргэжлийн байгууллагуудаас “Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээний ерөнхий шаардлага", “Хөдөлмөрийн орчны нөхцөл”-д шалгалт хийж шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг гаргаж ирүүлээд байна.

Хэдийгээр ийм нөхцөл байдалтай байгаа хэдий ч дүүргүүд дэх эрүүлжүүлэх байрууд нийт албадан саатуулагдсан иргэдийн дийлэнхийг эрүүлжүүлсээр ирсэн. Тэгэхээр болгоод л явах байх. Гэхдээ эрүүлжүүлэх байранд бие нь муудсан, яаралтай эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг эмнэлгийн байгууллага руу шилжүүлэхээс өөр аргагүй. Эрүүлжүүлэх байрны эмчийн хувьд хэт ачаалалтай ажилладаг бөгөөд хордлого тайлах эмчилгээ хийх боломж нөхцөл байхгүй.

Ер нь бол гэмт хэрэг, зөрчил гаргаагүй иргэдийн хордлогыг тайлж эмчилгээ хийдэг, агсам согтуу тавиад байгаа тохиолдолд албадан саатуулдаг нэгдсэн төв байгуулах шаардлага тулгарч байна. 

- Ярилцсанд баярлалаа.