Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Иргэдэд санхүүгийн боловсрол олгохоор зорьсон бидний 3 бүсгүйн бэлтгэн хүргэдэг “Гурван гийгүүлэгч” нийтлэлийг уншиж, өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхээр зорьж буй уншигчиддаа юуны өмнө талархалаа илэрхийлье.  

Бид уншигчидтайгаа аль болох ойр байж, асуулт бүрт нь хичээнгүйлэн хариулдаг. Мэдээж бид зөвхөн өөрсдийнхөө туршлага дээр үндэслэж хариулт өгдөг юм. Нийтлэг асуултууд давтагдаж ирэх нь олонтаа байгаа тул өнөөдрийн нийтлэлээрээ уншигчдынхаа зарим асуултад хариулт өгөхөөр бэлтгэлээ. Доорх 3 захидлаас гадна дэмждэг шүү, сайхан нийтлэл бичдэгт баярлалаа, ажилд нь амжилт хүсье гэх мэт урмын үгс илгээдэг бүх уншигчиддаа талархаж явдагаа илэрхийлье.

ГИЙГҮҮЛЭГЧ НОМИО

1. 2016.11.24-ний өдөр Marta хаягтай залуу бүсгүйгээс ирсэн захидал:

            Сайн байна уу зөвлөгөө авах гэсэн юм. Би нөхөртэйгээ суугаад 3 сар болж байна. Нөхөр маань цалин багатай.  Машины зээлээ төлөөд бараг таардаг. Би яах вэ цалингаа аваад өдөр тутмын хоол хүнс гэрт хэрэгтэй юмнуудаа аваад зохицуулаад явдаг. Би айлын том. Олон дүүтэй, аав маань байдаггүй л дээ. Нэг дүү минь оюутан. Бусад нь ЕБС-т сурдаг. Тэгээд ядаж дүүгийнхээ төлбөрт тус нэмэр болъё. Ээждээ дүү нартаа бага ч гэсэн нэмэр болж байя гэхээр тэрийг нөхөр ойлгож хүлээж авдаггүй. Чи тэгвэл ээж дүү нараа очиж тэжээгээд хамт амьдраач гэнэ.  Яавал дээр бол?

ХАРИУЛТ: Сайн уу?

Гэр бүл болж тусдаа гарахад тохиолддог хамгийн том хүндрэлүүдийн нэг нь яах аргагүй гэр бүлдээ мөнгөөр туслахыг хүсэх. Нөгөө талаас нь чи өөрөө нөхрийнхөө оронд бодоод үзвэл өөрсдийгөө болгох, хэрэглээгээ зохицуулах бүрэн чадваргүй байхад эхнэр нь ар гэртээ мөнгө өгөх тийм сайхан санагдахгүй.

Тэгэхээр эхлээд ээж дүүдээ мөнгө өгөх гэж өнөө маргаашдаа битгий яар. Тэрний оронд өөрийн хэрэглээнээсээ хэмнэлт хийж сард 20.000 төгрөг ч хамаагүй нөхрөөсөө тусдаа цалингаасаа хадгаламж үүсгэ. Үнэхээр ээж дүү нарт чинь аминд нь тулсан үед тэрийгээ гаргаж өгнө гэж тооцоод бэлд. Яг үнэндээ нөхөртөө хадгаламжаа хэлээд байх шаардлагагүй.

Харин үлдсэнээсээ гэр бүлдээ бас нэг хадгаламж нээ. Бас л 20.0 ч хамаагүй хий. Үлдсэн мөнгөөрөө хэрэглээгээ аргалж сураарай. Танай гэр бүл азтай байна. Хоёулаа ажилтай. Тэгэхээр хуримтлал үүсгээд мөнгөө юм болгох боломжтой шүү

Гэр бүлийн хадгаламжаа нөхөртөө хэлээд хамтдаа мөнгө хадгална гэсэн үг шүү.

Нөгөө хадгаламжаа ээж дүүдээ зориулна. Гэхдээ өдөр бүр ээж дүүдээ туслах бол гэр бүлийн хэрүүл маргаан тасрахгүй асуудал үүсгэнэ. Тэгэхээр хагас жилд, эсвэл жилдээ нэг дорвитойхон мөнгөөр тусалж байхаар дотроо тооцоорой. Миний туршлага лав нөхрөөсөө тусдаа хадгаламж үүсгэх бол ийм зүйлд зарцуулна гэж нөхөртөө хэлж авсан мөнгөнөөсөө илүү гарсан мөнгөө хадгаламж руугаа бага гэлгүй хийж сурах л байсан

4 сар гаруйн хугацаанд 700.0 мянга орчим төгрөг цугларч байна лээ. Тэгэхээр өөрийн хэрэглээгээ тооцоод нөхөртөө хэлээд зарцуулсанаасаа үлдсэн мөнгөө хадгалж сураарай...  Дэвтэргүй зөвхөн дансанд хадгалчих амар шүү. Тэдэн төгрөг байгаа гэж харах бүрт үрнэ гэж сэтгэл хорогдож шунал хөдлөхгүй.


2. 2016.12.05-ны өдөр Pearl Pearl хаягтай нэгэн дайчин, 2 хүүхдийн ээж эмэгтэйгээс ирсэн захидлыг та бүхэнтэй хуваалцья. (Бид их зүйлийн талаар харилцсан тул та бүхэндээ товчхон хүргэе):

     Сайн байна уу? Зөв зүйл бичдэг шүү. Зарим үед зав болдоггүй ч шимтэн уншдаг шүү. Сая зардлаа хэрхэн хөтлөх вэ? сэдвийг уншлаа. 2 хүүхэдтэй, байрны зээлтэй, оюутан ганц бие ээж байна. Том маань 5 настай улсын цэцэрлэгт, бага маань ой 5 сартай хувийн цэцэрлэгт хүмүүждэг. Амьдралыг зохицуулах гэж хичээгээд л байна. Даанч өөрийгөө хайрлаж, өөртөө л зарцуулж  чадахгүй байна. Өөрийгөө хайрладаггүй хүн өрөөлийг хайрлаж чаддаггүй гэсэн  үг байдаг даа. Бүтэн 2 жил өөртөө юм авахгүй байж байгаад сая малгай ороолт аваад эмэгтэй хүн болсон хойно тэрнээсээ урам авч ойрд мэдрээгүй сайхан мэдрэмжийг авлаа гэж ккк.

Би хувийн зохион байгуулалт их муу юм шиг байгаа юм. Мундаг хүмүүсийг бодоход тэрэн дээрээ анхааръя гэж шийдсэн. Над шиг юм бичдэггүй ч уншдаг хүмүүс их байгаа байх. Шантрахгүй хөтлөөд л яваад байгаарай. Гэр хорооллын айлууд зундаа хэдэн төгрөгөөр үр худалдаж аваад ногоогоо өөрсдөө тарьж өвөлдөө хэрэглэж хүнсний зардалаа бууруулах боломж их байдаг шүү. Гоё мэдээллүүдийг чинь их дэмждэг шүү. Та 3 уулздаг уу? Эсвэл онлайнаар харилцдаг уу?

ХАРИУЛТ: Баярлалаа. Урмын үгстэй захидал цөөнгүй хүлээж авч байгаадаа маш их урам авч байна. Бидний хувьд Д.Бямбатогоо сэтгүүлч бүсгүй маань санал тавьснаар бид 3 ярилцаад нийтлэлээ эхлүүлсэн. Сэржээ маань гадаадад амьдардаг учир одоогоор онлайнаар харилцаж байна. Хоорондоо боломж гарвал уулзаж, ярилцахыг эрмэлздэг боловч тийм зав ховорхон юм. Таны хувьд үнэхээр хүндэлж байна. Өөрийгөө болон хүүхдүүдээ сайхан авч яваа хүчтэй бүсгүй юмаа.

Мэдээж боломж үргэлж ирдэг, бид мэдрээд л боломжийг алдахгүй байж чадвал гэж би үргэлж итгэдэг. Гэхдээ боломжийг хүлээн суух биш, шантралгүй боломжийг өөртөө бий болгохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхээр шантралгүй зүтгээд л байя.

Бас өөрийн эрүүл мэндэд заавал анхаарал хандуулж байгаарай. Ялангуяа охинтой эмэгтэй хүн өөрийгөө хайрлах ухааныг өөрөөрөө үлгэрлэж охиндоо заадаг учир хааяахан өөрийгөө урамшуулж, хайрлахаа хэзээ ч битгий мартаарай. Заавал үнэтэй үнэртэн авах, дэгжин шуба өмсөх биш ч ядаж л 30-хан минут тайван сайхан халуун усанд хэвтээд гарч ирэх хүртэл бидэнд урам өгпөг шүү дээ.  Таньд амжилт хүсье.

Бас өглөөг сайхан эхлүүлж, өөрийн түүхээ хуваалцсанд маш их баярлалаа.


3. 2016.12.22-ний өдөр Эрка Цээгий хаягтай бүсгүйгээс ирсэн захидал:

Сайн байна уу? Би орлого зарлагын тооцоогоо яаж бичих вэ? Зөвлөгөө өгөөч. Өөрийн тань пэйж хуудсанд нэгдээд ирэх жилээс яг амьдралд хэрэгжүүлж эхлэх гэсэн юм. Танд ажлын амжилт, сайн сайхныг хүсье. Дэвтрээ ингэж хуваагаад яаж бичих вэ?

Гэрэл зургийг mpa.mn

 

ХАРИУЛТ:

Сайн байна уу? Дэвтрийн нэг нүүрэнд тухайн жилд төлөвлөж байгаа төлөвлөгөөгөө бичнэ. Нөгөө талд олж болох орлогын тооцоогоо хийнэ. Харин нөгөө нүүрэнд дэвтрээ 2 хуваагаад зардлаа төлөвлөсөн, зарцуулсан гэсэн 2 багана үүсгээд бичнэ.

Төлөвлөсөн хэсгээ өглөө нь бичээд, харин зарцуулснаа орой бүр марталгүй тэмдэглэж сурах хэрэгтэй. Орой бүр зураас татаад тухайн өдрийн орлого зардлаа төлөвлөгөөний хамтаар нийт мөнгөн дүнг нь гаргана.

Орлогоо төлөвлөгөө болон зарцуулалтын хэсэгтээ өөр өнгийн балаар тэмдэглээд явсан ч болно. Орлого зарлагаа тус бүрт нь өдөр, долоо хоног, сараар дүгнэнэ. Сар бүр нийт орлогоосоо зардлаа хасаад төлөвлөгөө, зарцуулалт 2-ын зөрүүгээсээ хэдэн төгрөг хэмнэсэн эсвэл хэдэн төгрөг илүү зарцуулснаа харах боломжтой юм.

Завтай үедээ тэмдэглэлийн дэвтрээ эргүүлээд харах нь танд барааны үнэ мэддэг болох, үнийн өсөлт бууралтыг харьцуулж харах гэх мэт олон боломжийг олгоно.

2017 оны төлөвлөгөөндөө зөвхөн худалдан авах зүйл биш, юуг шинээр сурч мэдэх, ямар ном унших, ямар кино үзэх, хүүхдүүдээ шинээр ямар дугуйланд хамруулж, юуг зааж сургах гэх мэт зүйлсээ ч бас нэмээрэй. Тэмдэглэл хөтлөхдөө асуух зүйл гарвал эргээд холбогдоорой. Танд амжилт хүсье.


ГИЙГҮҮЛЭГЧ ТОГОО

Уншигчдын зүгээс хандаж, зардлаа хэрхэн бууруулах вэ? гэсэн асуултыг хамгийн ихээр тавьсан байна. Би ч бас үрэлгэн талдаа хамаарах хүн тул эдийн засагчдын өгдөг дараах зөвлөгөөг санаж явдаг юм.  Та ч бас энэхүү 7 адхамыг мөрдөж,  өөрийнхөө нүдэнд ил харагдах газраа өлгөөд байнга санаж яваарай.

ҮРГҮЙ ЗАРДЛАА БУУРУУЛАХ 8 АРГА:

  1. Орлого зарлагаа заавал тэмдэглэж байгаарай. Эндээс та юунд их мөнгө үрж байгаа мэдэх болно. Мэдээж дэмий зүйлд мөнгө үрж байвал та яаж хэмнэх ухаанаа аяндаа олно.
  2. Заавал жагсаалтаар худалдан авалт хийгээрэй. Жагсаалтанд бичсэнээсээ өөр зүйл битгий худалдан аваарай.
  3. Гадуур хоол идэхээ 2-оор цөөлөөд үз. Өөрийн бэлтгэсэн хоол тань эрүүл, аюулгүй бас мөнгийг тань хэмнээд л өгнө.  
  4. Хямдралтай үед  худалдан авалт хийгээрэй. Ялангуяа өрхийн хэрэгцээнд хэрэглэх /зурагт , хивс гэх мэт/ томоохон үнийн дүнтэй барааг шинэ жил гэх мэт баярыг тохиолдуулж зарласан хямдралын үеэр худалдан авч байгаарай. Мэдээж та гэнэт их мөнгө гаргах биш, энэ худалдан авалтандаа эртнээс бэлдэж бага багаар мөнгө хуримтлуулсан бол бүүр сайн.
  5. Нэртэй брэндийн боодол савлагаанд л хамаг өртөг нь шингэсэн байдаг учир өөрт тохирох чанартай хэрэгцээтэй зүйлээ л худалдан аваарай. Гэхдээ та хямдхан юм байна гээд чанаргүй бараа авснаас, эдэлгээтэй зүйлд мөнгөө зарцуулахаа тооцоорой. /Жишээ нь дуураймал брэндийн цүнх 200,000-300,000 мянгаар авч байснаас Монголын арьсан цүнх эдэлгээ сайтай, хийц загвар нь гоё санагддаг юм./
  6. Кредит дебит картаа гэртээ үлдээ.  
  7.  Өөртөө “”Зарлагагүй 7 хоног” аяныг зарлаад үзээрэй. Маш их мөнгө хэмнэж бас урам авах болно. 
  8. Зээлээр авах зүйлсээс татгалзаарай.

Ингээд уншигч та бүхэн бидний нээсэн 3 Giiguulegch фэйсбүүк хуудаснаа зочилж, бидний өмнө бэлтгэж байсан нийтлэлийг амтархан уншаарай. Мөн та бүхэн сонирхсон асуултаа тавиарай. Бид та бүхэндээ өөрсдийн мэдлэг, туршлага, мөн зарим эдийн засагчдын өгсөн зөвлөгөөний хамт хариулт өгөх болно. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.