Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

18 жил дарагдсан дуулиант хэргийг зургаа хоног хэлэлцэж, алх тасхийв

Э.Туул
2016 оны 12 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэргийн эзэн холбогдогч олдохгүй 18 жилийн турш улстөржиж явсаар өнөөдрийг хүрсэн билээ. Харин түүний эхнэр Д.Булган болон өөр хоёр хүнийг баривчилснаас хойш С.Зоригийн үхлийн хэрэг илрэх нь гэх таамаг мэдээлэл цацагдаж эхэлсэн нь саяхан. Учир нь түүний эхнэр энэ хэргийн цорын ганц гэрч учраас тэр. 

Хуулийн байгууллагын зүгээс албан ёсоор ямар хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж байгаагаа тухайн үед мэдэгдээгүй. Тиймээс л үүнийг С.Зориг агсны хэрэгтэй холбон тайлбарлаж байсан хэрэг. Мөн өнгөрсөн хугацаанд Хотын дарга асан Э.Бат-Үүлийг энэ хэрэгт холбогдуулан шалгах болсон нь ч олны анхаарлыг татсан.

Энэ мэт улс төрийн зорилго агуулсан, сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны хэрэг илэрсэн, эзэн холбогдогч нь тодорхой болсон мэтээр бичдэг байдлыг эцэс болгохоор анх удаа Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхийн шатанд шилжүүлсэн билээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар энэ хэргийг шүүхээр болж, нэг сарын хугацаанд хавтаст хэрэгтэйгээ танилцсан билээ. Дуулиант хэргийг шүүх хурал 18 жилийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн.

Анхны шүүх хурал

2016.12.14

Шүүх хурал 10:00 цагт болохоор товлогдсон ч энэ цаг мөчид ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн гадна хэвлэл мэдээллийнхэн, шүүгдэгчдийн ар гэрийнхэн гээд хүмүүс өглөөний 08:00 цагаас цугларч эхлэв. Түүнчлэн улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалтын пост гаргаж, хорих анги руу явж буй иргэн, тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж байсан юм.

Нийслэлийн Прокурорын газраас Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хунд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай хийхээ мэдэгдсэн.

Мөн шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар хүсэлт гаргасан ч хурлын эхлэл болон төгсгөл хэсэгт камер, хэрэгсэлгүйгээр сурвалжлах боломжтой гэж шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүх хурлыг хаалттай явуулах тул утас, камер зэрэг бүх техник хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй, шүүх хурал болох орчинд гар утасны сүлжээ барих боломжгүй байсан юм.

Энэ хэрэгт яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан.Харин улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно гэсэн мэдээлэлтэй байсан ч тэрбээр ирээгүй. 11:30 цагт шүүх хурал эхэлсэн.

Шүүх хуралд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байна. Мөн хуралд Ерөнхий шүүгч М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал,Ж.Сандагсүрэн нар оролцож байна.

Шүүх хурлыг даргалагч М.Алдар шүүгдэгчдийн холбогдсон хэргийн зүйл ангийг уншиж танилцуулснаар шүүх хурал эхэлж, цааш хаалттай үргэлжилсэн юм. Хурлыг эхлүүлсний дараа хэвлэл мэдээллийнхнийг шүүх хурлын танхимаас гаргав. Дээрх хэргийг улсын нууцтай холбоотой гэж үзсэн тул шүүгдэгчдийн ар гэрийнхнийг хуралд оролцуулах боломжгүй хэмээсэн.

Шүүх хурал эхлээд цаг гаруйхан хугацаа өнгөрсний дараа шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах шийдвэр гаргаснаа хэлсэн юм. Өмгөөлөгчид шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах хүсэлт гаргаж, хавтаст хэрэгтэй танилцах боломжийг олгохыг хүссэн аж. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргажээ.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн хурлыг долоо хоногоор хойшлуулж, энэ сарын 21-ний 11:00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болохоор шийдвэрлэсэн.

2 дахь шүүх хурал

2016.12.21

Энэ өдөр Цагдан хорих 461 дүгээр ангийн гадна мөн л хамгаалалт гарч, шүүх хурал 10:50 цагт эхэлсэн. Түүнчлэн хэрэгт маш нууц зэрэглэлтэй материал хавсрагдаж буй учраас олон нийтэд мэдэгдэж болохгүй хэмээж, шүүх хурлыг хаалттай үргэлжлүүлэхээр болж, хэргийн холбогдогчдоос бусдыг нь гаргав.

Мөн шүүх хуралд ОБЕГ-ын хоёр шинжээч, сэжигтний ар гэрээс Б.Содномдаржаагийн эгч, гэрчээр Г.Чулуунбат, н.Давааням гэх хүмүүс оролцож байгаа гэсэн мэдээлэл тухайн үед гарч байв. Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч С.Оюунцэцэгийн даралт ихэссэн тул эмч нар ирж үзлэг хийлээ. Энэ өдөр улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар дөрвөн цагийн турш ялын дүгнэлтийг уншиж танилцуулсан.

Түүнчлэн өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авал-гүй, сэжигтнүүдээс мэдүүлэг авснаар шүүх хурал үргэлжилсэн юм. 17:42 цагт С.Зоригийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван сэжигтэн мэдүүлэг өгсний дараа энэ өдрийн шүүх хурал завсарлаж, 22-ны өдрийн 10:00 цагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 234.2-т "Шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна" гэж заасны дагуу шүүх хуралдааныг ийнхүү завсарлуулсан.

3 дахь шүүх хурал

2016.12.22

Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжлэв. Товлосон цагаасаа 20 минутаар хоцорч эхэлсэн энэ өдрийн шүүх хурал өмнөх өдрийнх шиг л хаалттай үргэлжилж, Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр хүн гэрчээр мөн л оролцсон. Гэрч Г.Чулуунбатын тухайд хохирогчийн ар гэрийг төлөөлж хуралд оролцож буй бол н.Давааням нь хохирогч, шүүгдэгчийн алиных нь талаас төлөөлж шүүх хуралд оролцсон нь тодорхойгүй байсан юм.

Энэ өдөр шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар дөрвөн цаг орчим мэдүүлэг өгсний дараа улсын яллагч, хохирогч, сэжигтний өмгөөлөгчид шүүгдэгчдэд асуулт тавьж, хариулт авсан. Дундаа нэг цаг завсарласан энэ өдрийн шүүх хурал тасралтгүй үргэлжилсээр 22:00 цаг хүргэж, 23-ны 10:00 цагт үргэлжлэхээр болсон.

4 дэх шүүх хурал

2016.12.23

Энэ өдрийн шүүх хурал эхлэхэд, өмнөх өдөр нь 10 гаруй гэрчээс шүүх бүрэлдэхүүн мэдүүлэг авсан тухай мэдээлэл ирэв. Гэхдээ гэрчүүд ЯГ хэн байсан, хэдэн хүн нь хохирогчийн ар гэрийг төлөөлсөн, хэд нь шүүгдэгчдийн талаас мэдүүлэг өгсөн бэ гэдгийг эх сурвалжууд хуулийн дагуу нууцалж байсан юм.

Гэрчээр оролцож буй н.Давааням шүүгдэгч Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралд гэрчээр оролцсон тухай мэдээлэл ил болсон. Мөн онцгой байдлын хоёр шинжээч, өөр шинжээчид ч шүүх хуралд оролцож буй гэв. Тэгэхдээ тэд ямар үүрэгтэйгээр нууцын зэрэгт багтсан хэргийг шүүх хуралд суусан нь мөн л нууц.

Өмнөх өдрүүдийнх шиг өнөөдөр ч шүүх хурлын хамгаалалт онцгой чанга байв. Энэ өдөр улсын яллагчид шүүх бүрэлдэхүүнд нотлох баримтыг харуулж, хөндлөнгийн шинжээчид хэрэгт холбоотой баримтуудыг шинжлэн судалснаа танилцуулсан. Хэрэгт холбогдох нотлох баримтуудыг шинжилж буйг эх сурвалжилж мэдээллээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 22:00 цагаас хойш шүүн таслах ажиллагааг явуулах боломжгүй гэж заасан байдаг тул М.Алдараар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн ажлын цаг дууссан шалтгаанаар хурлыг завсарлууллаа. Хуулийн дагуу ажлын өдөр буюу 26-ны өдрийн 10.00 цагаас шүүх хурлыг үргэлжлүүлэн хуралдуулахаар болов.

Эл өдөр 12 цагийн турш шүүх бүрэлдэхүүн 18 жилийн өмнө гарсан хүн амины хэргийн нотлох баримтыг шинжилсэн бөгөөд хэргийн нотлох баримтыг үргэлжлүүлэн шинжлэх шат руу шилжүүлснийг эх сурвалж мэдээлэв.

5 дахь шүүх хурал

2016.12.26

Шүүх хурал энэ өдөр шүүмжлэлийн шатандаа оров. Эю нь шүүх хурлын мэтгэлцээний шат эхэлсэн гэсэн үг юм. Тиймээс шүүгдэгч талууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хуралдааны явдлыг нарийвчлан заасан байдаг.

Тодруулбал, аливаа Шүүх хурал шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт шинжлэх, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргах гэсэн үе шаттай үргэлжилнэ.

Тиймээс шүүх хурал үндсэндээ төгсгөлийн шатандаа орсон бөгөөд шүүгдэгчдийн үгийг сонссоноор шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, танилцуулах юм. Энэ өдрийн 20:00 цагийн орчимд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содном-даржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын үгийг сонсч дуусаад, шүүх хурлыг 27-ны өдөр үргэлжлүүлэх шийдвэр гаргав.

6 дахь шүүх хурал

2016.12.27

С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурал өчигдөр 09:00  цагт эхэлж, шүүх бүрэлдэхүүн үргэлжлүүлэн зөвлөлдөж эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дууссаны дараа тогтоолоо танилцуулах байв. 11:50 цагийн үед шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржаад онц хэрцгий харгис аргаар захиалгаар, бүлэглэн хүний амь нас хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхэд уруу татаж, гэмт хэрэгт татан оролцуулсан.

Энэ хэргээ нуун далддах зорилгоор бүлэглэн амь насаа хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хоёр ба түүнээс дээш хүний амь нас хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих оноосон байна. Түүнд оноосон 25 жилийн 23 жилийг нь гянданд хорихоор болсон байна. Харин шүүгдэгч Т.Чимэгээд 24 жилийн хорих ял оноолоо. Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргээ нуун дарагдуулах зорилгоор бусдын амь насыг хөнөөсөн үндэслэлээр 25 жилийн хорих ял оноолоо.

Шүүх бүрэлдэхүүн прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хэвээр нь буюу Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6 I 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.12.1 91.2.15-аар яллажээ. Харин шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд давж заалдана хэмээсэн юм.

Шүүх хурал хаалттай болсон учраас одоогоор сэжиг таамаг л яригдаж байна. Шүүхийн шийдвэр албан байдлаар баталгаажин талуудад хүргэгдсэнээс хойш хууль зүйн тайлбарууд гарах биз ээ. Ямартай ч 18 жил дарагдсан дуулиант хэргийг зургаа хоног хэлэлцэж, өчигдөр алх тасхийснээр өндөрлөлөө.

Зураг