Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон сартай жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн хэрэгтнийг таван сарын дараа илрүүлжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн нар өнөөдөр энэ онд үйлдэгдсэн онц хүнд гэмт хэргийн илрүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Дэд хурандаа Ү.Хосбаярын мэдээлснээр:

  • Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны долоодугаар сард 7 сартай жирэмсэн иргэн “М” нь бусдад боолгуулж нас барсан эрүүгийн тоот хэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1982 онд төрсөн, эрэгтэй “М” гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар 2016 оны 12 дугаар сард нөхөн илрүүлэн шалгаж байна.
     
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Акума” төвийн урд талын жалганд 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 60 настай эмэгтэй “И”-нь эд зүйлээ дээрэмдүүлэн, зодуулж нас барсан эрүүгийн тоот хэргийг Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 1991 онд төрсөн, эрэгтэй “Т” гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.
     
  • 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Нарангийн голын эцсийн буудлын орчим 27 настай, эрэгтэй “Г”-г хувийн машинтайгаа таксины үйлчилгээнд явах үед нь үл таних 160-170 см орчим өндөртэй, 20-25 орчим эрэгтэй хүн үйлчлүүлж явах үедээ араас боож “iPhone-4” маркын гар утас, 30 мянган төгрөг дээрэмдсэн хэргийг Б гэгч нь үйлдсэнийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
     
  • Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг араас нь боож унаган, бүлэглэн зодож айлган сүрдүүлэн, хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмддэг Г, Н, С, А, Э нарын 18-25 насны бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр илрүүлэн баривчиллаа. Дээрхи этгээдүүд нь одоогоор Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэсвгэрт дээрмийн 21 гэмт хэрэг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор нийслэл хотын хэмжээнд урамшилт 1,459 иргэн өдөрт 4-6 цагийн хугацаатай эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Ингэхдээ тэд 3,936 иргэнд яриа таниулга хийж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд болон архидан согтуурах, хуулиар зөвшөөрөгдөөгүй цэгт тамхи худалдан борлуулж буй иргэдийн талаар 720 мэдээ, мэдээлэл цагдаагийн байгууллагад өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2,438 санамж, сэрэмжлүүлэг тараан, 1,068 байгууллага, аж ахуйн нэгж, 1,626 айл өрхөд зөвлөгөө өгч нэг гэмт хэргийг илрүүлэн ажилласан байна.

“Хэв журмын урамшилт эргүүл”-ээр ажиллаж байгаа иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулж 920,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг тооцсон байна.