Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Томоохон аж ахуйн нэгжүүд ЭРЧИМ ХҮЧЭЭ хэмнэвэл жилдээ 120 тэрбум төгрөг хэмнэж чадна"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээний 50 орчим хувийг дангаараа хэрэглэдэг томоохон аж ахуйн нэгжүүдийг Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэсэн бөгөөд тэдгээрийн төлөөлөлтэй Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос өнөөдөр уулзалт зохион байгууллаа.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 294-р тогтоолын дагуу Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос эрчим хүч хэрэглэгчдийн үйл ажиллагаа, хэрэглээний түвшинг нягтлан, үнэлгээ хийж, 128 аж ахуйн нэгжийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тогтоожээ.

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны ерөнхий зохицуулагч бөгөөд хорооны дарга А.Тлейхан “Бид хуулийг хэрэгжүүлэх тодорхой график гарган ажиллаж байна. Дэлхийд байдаг жишгийн дагуу цаашид эрчим хүч хэмнэх ажлыг явуулах бодлого баримтлан ажиллаж байна.

Жилдээ 5 сая кВт.ц-аас дээш эрчим хүч хэрэглэдэг байгууллагыг үүрэг хүлээсэн хэрэглэгчид, 5,000Гкал/жил-ээс дээш дулаан хэрэглэдэг байгууллагыг дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж тодорхойлсон байгаа.

Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 128 үүрэг хүлээсэн байгууллага, аж ахуйн нэгж байна. Тэдгээрийн жилийн хэрэглээний алдагдал нь асар их хэмжээний буюу 700 сая кВт.ц байна.

Тиймээс үүрэг хүлээгч гэх байгууллага, аж ахуйн нэгжүүдийг цаашид бүртгэж хариуцлагажуулах ёстой юм.

Хэрэв эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд сайн ажиллаж, эрчим хүчээ хэмнэх юм бол тухайн байгууллагадаа болон улс оронд хэрэгтэй асар их хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэх юм.

 

Дунджаар 15 хувийн хэмнэлт гаргавал жилдээ 120 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тоо харагдаж байгаа юм. Айл өрх ч мөн ялгаагүй эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж чадвал өрхийн төсвөө ч хэмнэх боломжтой учраас энэ хууль бол бүх хэрэглэгчдэд хамаатай хувь юм.

Эрчим хүч хэмнэх гэдэг бол хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна байгаль орчноо хамгаалах, хүлэмжийн хийг багасгах том бодлого хэрэгжиж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Цаашид Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос цахилгаан хэмнэх төрөл бүрийн ажил явуулах болно.

Өнөөдрийн байдлаар утааны хэмжээг багасгахтай холбогдуулан Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийгг буюу оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хэрэглээний тарифыг тэглэхээр болсон.

Шөнийн тарифийгг арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл тэглэх юм” хэмээн тайлбарлалаа.

Цахилгаан эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 71 аж ахуйн нэгж нь Монгол улсын нийт цахилгаан эрчим хүчний 46.1 хувь буюу 2.61 тэрбум кВт.ц цахилгаан хэрэглэдэг бол дулааны үүрэг хүлээж ажиллах 29 аж ахуйн нэгж 263мян.Гкал/жил дулаан хэрэглэж, эрчим хүчний төлбөрт ойролцоогоор 411.1 тэрбум төгрөг төлдөг байна.

Үүний зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулж, түгээж байгаа 28 компани эрчим хүч хэмнэж ажиллах үүргийг хуулийн дагуу хүлээж байна.

Эрчим хүчний салбарт дотоод хэрэгцээний цахилгаан зарцуулалт өндөр, дамжуулалт түгээлтийн явцад эрчим хүчний алдагдал 759.7сая.кВт.ц-т хүрсэн гэдэг тооцоо гарч, эрчим хүчний салбар эрчим хүч хэмнэлтийн бодлогыг өөрөөсөө эхлүүлэхээр ажилдаа ороод байна.

 

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал “Эрчим хүчний хэрэглээ гэдэг бол тухайн байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээ, чадамжийг илэрхийлдэг тоо.

Эхний ээлжинд үүрэг хүлээсэн хэрэглэгчид байгууллагынхаа хэмнэлт, алдагдлыг тодорхойлж, оношлох тусгай эрчим хүчний хяналтын менежер томилох ётсой. Нийт 128 хэрэглэгчийг аваад үзвэл ойролцоогоор 600сая.кВт.ц орчим хэмнэлт хийх боломж харагдаж байгаа” гэв.

Уулзалтаар Эрчим Хүчний Зохицуулах Хорооны Удирдлагууд Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн төлөөлөл болох,

  • “Улаанбаатар төмөр зам”,
  • “Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевиз”,
  • “Петро Чайна Дачин Тамсаг”,
  • “Эрдэнэт Үйлдвэр”,
  • “Оюу толгой”,
  • “Энержи ресурс”,
  • “Номин холдинг”,
  • “Скайтел”,
  • “Мобиком” зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, санал солилцон, хууль, эрх зүйн талаар зөвлөмж өглөө.