Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнуудын гар утсыг хулгайлдаг 15-25 насны ДОЛООН эмэгтэйг илрүүлжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас өнөөдөр халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг этгээдийг илрүүлснээ зарлалаа.

Хотын хэмжээнд үйлдэгдэж буй халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Үнэгний ав” нэртэй арга хэмжээг зохион байгуулжээ.

Арга хэмжээний үр дүнд халаасны хулгайн гэмт хэргийг үгсэн тохирч, зохион байгуулалттай үйлддэг дөрвөн бүлэг этгээдүүдийг олж илрүүлсэн байна. Үүнээс удирдан зохион байгуулж оролцдог нэр бүхий таван этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ажээ.  

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ энэ тухай “Арга хэмжээний хүрээнд 19,872,000 төгрөгийн хохиролтой, 33 холбогдогчтой, 47 хэрэг, зөрчлийг илрүүлэн, хулгайд алдагдсан нийт 18 сая төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохиролгүй болгож ажиллалаа. 

Эдгээр бүлэглэлүүд Улаанбаатар хотын их дээд сургуулиуд, томоохон зах, худалдааны төв, албан байгууллагаар явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг.

Ялангуяа их дээд сургуулийн оюутнуудын гар утас хулгайлдаг У, Х нарын 15-25 насны долоон эмэгтэй бий. Тэд нийт 22 удаагийн үйлдлээр иргэдийн гар утас, эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байна. Гол зохион байгуулагч хоёр этгээдийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа.

Арга хэмжээнд Улсын Ерөнхий Прокурор, Нийслэлийн прокурорын газар мөн ажиллаж байна. Цаашид энэ арга хэмжээ үе шаттай явагдах бөгөөд халаасны хулгайн гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ” гэв.

ХУЛГАЙД ЭД ЗҮЙЛСЭЭ АЛДСАН БОЛ ЦАГДААГИЙН ГАЗАРТ МЭДЭГДЭЖ ОЛОХ БОЛОМЖТОЙ 
 

2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 3,472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 551 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өсчээ. 

Халаасны хулгайтай тэмцэх чиглэлээр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг албан байгууллагууд, хүмүүс ихээр төвлөрсөн их дээд сургуулиуд, худалдааны төв, захуудын телекамерын хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нийтийн тээврийн газар”, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн хамтран ажиллаж, халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй газруудад 64 ширхэг хяналтын камерыг шинээр суурилуулсан зэрэг ажлууд хийсэн гэв.

Мөн халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газруудад телекамер байршуулах саналыг НЗДТГ-т хүргүүлсэн байна. 

Иргэд халаасны хулгайчид эд зүйлсээ алдсан ч Цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй өнгөрдөг нь хулгайг өөгшүүлэх хэлбэр болдог байна. Одоогоор дээрх утаснуудыг цагдаагийн байгууллага "Үнэгний ав" арга хэмжээний үеэр халаасны хулгайчдаас авч, эзнийг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.  Тиймээс та хэрэв өөрийн утсаа алдсан бол 102 дугаарт залгаж даруй мэдэгдээрэй.