Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

40 мянга орчим сурагчид агаарын бохирдлыг 99% шүүх АМНЫ ХААЛТ өглөө

С.Бадрал, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
 

Сурагч хүүхдүүдийг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зорилгоор утаажилт ихтэй бүсийн 51 сургуулийн 40 мянга орчим сурагчид амны хаалт өглөө. Хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авч, сургуулиудад тарааж байгаа юм.

Энэ талаар “Эрбуб” ХХК-ийн захирал Д.Нямтулга “Манай компанид хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн ажилладаг. Бидний үйлдвэрлэсэн амны хаалт агаарын бохирдлыг 99 хувь шүүнэ. Нийслэлийн Засаг дарга болон удирдлагууд бидний үйл ажиллагааг дэмжиж байгаад баяртай байна” гэсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Утаа буюу нарийн ширхэгт тоосонцроос хамгаалж, амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх гол арга бол амны хаалт гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Тиймээс хотын утаа ихэсдэг энэ үеэр өөрсдөө болон хүүхдүүддээ зориулалтын амны хаалт зүүлгэж хэвших хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийг амны хаалт зүүж хэвших аян өрнүүлж байгааг энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа  хэллээ. Үүнийг урлаг соёлын залуус ч дэмжиж нэгдэхээ илэрхийллээ.

Тухайлбал, жүжигчин О.Цэнгэл “Хотын удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа энэ ажлыг би маш зөв зүйтэй гэж үзэж байна. Хотын утаа нэг л өдөр арилчих боломжгүй учраас хүн бүхэн амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Хотын удирдлагаас гаргасан санаачилгад урлаг соёлын залуус бид ч нэгдэх болно” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.