Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тэр дуугүй байх тусмаа хамгийн аюултай

ikon.mn
2016 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

"ХАР-ЦАГААН ЖАГСААЛТ" руу мөнгөтэй хөрөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн боорлон дайрлаа. А.Мөнхбат АН-ын идэвхтэй гишүүн, залуу үеийнх нь тод төлөөлөгч байсан нь үнэн.  

Гэтэл 1996 оноос хойш тууштай зүтгэсэн намаа орхиж, нэг тугын дор хамт явсан журмын нөхдөө шууд "Хар-цагаан жагсаалт"-т оруулсан нь олны гайхшралыг төрүүлсэн. Сүүлийн жилүүдийн түүний зорилгыг харахад хууччуултайгаа арцалдсан хэрэг биш, намын шинэ залуучууддаа, цаашилбал Монголын шинэ үеийнхэнд орон зай бий болгох гэсэн тэмцэл байлаа хэмээн цөөнгүй улс төр судлаач онцолсон байх лээ. Үүний төлөө л тэрбээр өөрийгөө золиослон, сайн муу нэр хоч зүүн зүтгэлээ. Түүний энэ аймаар, толгойтой үснээсээ олон дайсантай болох тэмцэлд хамтарсан өөрийнх нь үеийнхэн гэвэл гасламаар цөөн. Үүндээ тэр "Ганцаараа чоно" гэж сонин хэвлэлд бичүүлсэн. Монголын залуу үе ийм аймхай болчихож.

Тэгсэн хэрнээ далдуур бол бүгдээрээ түүний тэмцлийг дэмжсэн. Өнөөдөр залуус улс төрийн шинэчлэлийг соёлтойгоор ярьж байна. А.Мөнхбатын үзэж байгаагаар бол Монголын өнөөдрийн улс төрийн бохирдсон нөхцөл байдал соёлтой хэлэлцүүлэгээр шинэчлэлийг хийчих боломжгүй гэж үзсэн. Улс төрийн шинэчлэлд тэсрэлт хэрэгтэй гэж хэлж байгаа.

Мэдээж гудамжны хувьсгалын энэ тэрийг хэлээгүй. Улс төрд 26 жил хулгай хийсэн нөхдүүдийг нийгэмд хулгайчаар нь ядаж зарлачих эр зоригтой залуу үе байж гэмээнэ юм жаахан ч болтугай хөдөлнө гэж тэр үзсэн. Түүний амнаас гардаг бас нэг үг бол "Улс төрчдийг улс төрчид нь өөрсдөө л хөнөөнө" гэж. Үүгээрээ А.Мөнхбат бол үеийнхэн дотроо тасарсан эр зоригтой улс төрч. Улс төрийн том зургаараа бол ХАР-ЦАГААН ЖАГСААЛТ нь сонгуулийн өмнөх хамгийн тасарсан улс төр. Үүнтэй хэн ч маргахгүй. А.Мөнхбат хийгээгүй бол ахиад нэг ийм зориг зүрхтэй, боловсролтой, төрийн, намын, хувийн хэвшлийн бүх салбарт насандаа ахдмаар ажиллаад үзчихсэн хэн нэг сайхан залуу гарч ирээд хийх л байсан байх гэж найдая. Харин өнөөдрийн зурагдсан зураг төөргөөрөө бол А.Мөнхбат. 

"ХАР-ЦАГААН ЖАГСААЛТ", "ХУЛГАЙЧГҮЙ МОНГОЛ" хөдөлгөөн гарсан цагтай зэрэгцээд "Мөнхбатад нам нь юу ч өгөөгүй юм байна л даа" гэх мэт үгийг улс төрчдийн зүгээс их гаргасан. Цаг хугацааны тооллыг нь хүмүүс харахгүй юу даа. Мань нөхөр чинь намаа ялаагүй байхад МШХХТГ-ын даргын албаа өөрийн хүсэлтээр өгөөд явчихсан юм.

Нам нь ялчихаад түүнд том том албан тушаал амалсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Тэр "Ийм улс төрчдтэй орчинд ажиллаж болохгүй юм байна" гэж шулуухан татгалзсан. Өнгөрсөн богинохон түүхээс энэ мэтсийг онцолж дурдаад яахав. Өөрөө ч дургүй. Ер нь бол ХАР-ЦАГААН ЖАГСААЛТ-ын хувь заяагаас харахад эрх мэдэл, хөрөнгөндөө бярдсан ах нар магадгүй залуучуудын цөөнгүйг түүний эсрэг турхирсанд л гуниг нь байгаа юм. Өчигдөрхөн дэмжихээ илэрхийлээд явж байсан найз нь маргааш түүнийг зүхэж эхэлсэн. "Ийм залуу үеийн төлөө өөрийгөө золиослон золиослон явах хэрэг юу байнаа" гэж гаслахад өөдөөс нөгөө л сөрдөгөөрөө сөрж "Цөөхөн нь тийм, цөөхөн нь тийм" гэчихээд гараад явчихаж байгаа юм. Ийм гэгээн хүсэл зорилготой ганц ч болтугай залуу хүн Монголд байгаад нь түүнд үнэхээр гүн хүндэтгэлтэй хандахаас өөр яах билээ. Ингээд зогсоогүй ээ, "А.Мөнхбатыг худалдаад авчихсан, худалдагдчихсан" гэсэн хоёр үзүүртэй яриаг нийгэмд идэвхтэй тараасан.

"Эцэстээ чи өөрөө хулгайч болох нь дээ, энэ мессежийг нийгэмд хүчтэй тарааж байна" гэхэд Тэр өөдөөс "Энэ жагсаалтыг том зургаар нь харвал тэр чигээрээ монголын залуучуудын ирээдүйн зам мөрийг зассан нэгэн үнэт зүйл юм шүү" гэх шиг шаал өөр зүйл ярьж байгаа юм. Том юмны төлөө зорьж тэмцэж яваа хүн жижиг зүйлийг тоодоггүй гэсэн үзэл санааг дахиад түүнээс олж харах жишээний. Ер нь энэ мэтчлэн Хар-Цагаан жагсаалтыг эхэлсэн цагаас нь эхлэн маш том фронтоор нухчин дарж байна. А.Мөнхбат арай л өөрөө нухуулчихгүй явах шиг байна.

Нөхөр ер нь өөрийнхөө төлөө ингээд байгаа юм уу. Уг нь түүнийг мэддэг, ойлгодог хүмүүст бол маш тодорхой тэмцэл. Өөрийнхөө үеийнхний төлөө юу, эсвэл ирээдүйнхээ төлөө юу, эсвэл үе хоорондын тэмцэл юм уу, нам хоорондын тэмцэл үү. Үүн дээр л зангилагдана. Өнөөдөр улс төрд идэвхтэй байгаа залуус бүхэн 26 жилийн турш монголын төрийг зайдагнасаар байгаа нөхдийн тухай ярьдаг, шүүмжилдэг. Үе солигдох ёстой гэж дор бүрнээ дуугардаг. Харамсалтай нь энэ бүх яриа бүгд хаалганы цаана.

Харин А.Мөнхбатын үг хатуу харгис ч байж мэднэ. Тэсрэлттэй байх гэдэг нь тэр байх. "Хар жагсаалтад орсон этгээдэд санал биш салаавч шүү" гэдэг ч юм уу "Ардчилад хамгийн том шударга бус шалгуур нь шударга ёс ялагдалт" гэхчлэн. Энэ бүх эсэргүү үгстэйгээ хамт "Эвтэй бол төртэй" гэсэн үзэл санааг ч ярьдаг. Түүний 2015 оноос хойш шат дараалалтай тавьсан илтгэлүүд, уншсан лекц бүр нь соц үед хийгээд өнөөдрийн нийгэмд төдийлөн дуулдаж байгаагүй үгс, уламжлал, үзэл санаа байх. Түүнийг зарим нь бөө болоод галзуурчихлаа гэх. Энэ нь дээр хэлсэн Хар жагсаалтаас үхтлээ айж болгоомжилсон хүмүүсийн зүгээс тараасан бас л нэг цуу яриа.

Түүнд үндэсний нэгэн том үзэл санаа бол бий. Их монгол улсаа байгуулна гэдгийг ичиж зоволгүй, айж ширвээлгүй хэлдэг. "Цахим монголоос Их монгол руу" гэсэн томьёололыг ч гаргасан. Эргэн тойрон байгаа монгол үндэстнүүд хил хязгааргүйгээр хамтран ажиллаж амьдарч нэг туургатан болохыг тэрбээр цахим сүлжээгээр харж байгаа. Ингэхийн тулд үзэл санаатай байх ёстой. Тэрнээс биш Өвөрмонголчууд, халимагууд нүүгээд ирэх юм биш. Энэ том үзэл санааг нь Хар жагсаалтад орсон хоёр том намын нөхөд эсэргүүцээд харин бусад намууд, ТББ-ууд, олон нийтийн байгууллагууд дэмжиж эв санаагаа нэгтгэсэн байгаа. А.Мөнхбатын хувьд шударга үнэний төлөө тууштай явж чадвал аврал, цагийн юм цагтаа л болж байгаа хэрэг гэдэгтээ итгэлтэй хүн.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтэй түүнийг бас холбож ярьдаг юм билээ. Сүүлийн үед "Энэхүү сахалтай нөхөр чинь З.Энхболдыг, Н.Алтанхуягыг, Ч.Сайханбилэгийг,С.Баярцогтыг... ер нь бүгдийг унахад нөлөөлсөн. Тэрбайтугай АН-ыг унахад ч нөлөөлсөн. Энэ чигээрээ бол ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар АН түүнтэй заавал ойлголцох ёстой, Элбэгээ ч ойлголцож явах ёстой хэмээн улс төр судлаачид бичсэн байна лээ.

Саяхан нэг сэтгүүлч А.Мөнхбатаас асуусан байна лээ, "АН-ын ялагдлыг яаж харж байна" гэж. Мань эр "АН унсанаар шинэ агаар, шинэ салхи, ер нь шинэчлэлд хэрэгтэй юм бүхэн үнэртэж эхэллээ гэж ойлгох хэрэгтэй. Хулгайчдын хоёр дахь үүр уурхай нэг хэсэгтээ ийнхүү Монголын төрөөс холдож байгаа нь бусдад маш их боломж. Ийм боломж гарч ирсэн учраас "Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн"-ий зүгээс "Хулгайчгүй монголтой болж эхэллээ" гэж үзэн улс төрийн үйл ажиллагаагаа өөр түвшинд явуулж эхэлж байна" гэжээ. Ийм нэг улс төрийн хүчин мэндлэх гэж байгаа юм уу, мэндлээд байгаа юм уу, удахгүй монголын ард түмэнд мэдрэгдэх бизээ.

Түүний улс төрийн нэн шинэ түүх ийнхүү адармаатай, алдаа оноотой замаар ургашилж байна. Ямартай ч тэрийг хөрөнгө чинээ, эрх мэдэл бүхий бүлэглэлүүд "Хар-Цагаан жагсаалт", "Хулгайчгүй монгол" хөдөлгөөнөөр нь нухчин дарж байна. Тийм болохоор арай өөр аргаар төрийн хулгайч нартай үзэж тарах бодлого гаргаж ирсэнийг судлаачид хэдүйн анзаарчээ. Түүнд улс төрийн муу, сайн асар их туршлага бий. Яахав, хүн мууд эхлээд дуртай байдаг юм чинь муу технологуудаас нь ганц нэг жишээ саная. Өвөрхангайн хоёр "том амьтан" /Г.Батхүү, Д.Зоригт/-ыг 2012 оны сонгуулиар хэрхэн дарсан түүх бол сонгуулийн үеийн улс төр хамгийн аймаар жишээ. Тэр жилийн сонгуулийн өмнө А.Мөнхбат тийш нь Т.Хасбаатарыг зогсоо зайгүй сумлан тавьж, хор найруулж байсныг өдгөө хүмүүс мартсан байж мэднэ. Энэ тухай тэр үед "Өдрийн сонин"-ынхон "Ирээдүйн АВРАЛ УУ, АЮУЛ УУ..." нийтлэлээр тун тодорхой бичсэн. Тус нийтлэлийн зарим хэсгээс хүргье, "...Сонгуулийн сурталчилгаа зөв эхлэх гэж байдаг. Зөв эхэлчих юм бол цаашаа аятайхан явчихдаг.

Харин Өвөрхангайн "хоёр том"-ын сурталчилгаа ёстой буруу хөл дээрээ боссон өглөө шиг эхэлсэндээ. Мань хоёрын ерөнхий менежерээр ажиллах ёстой аймгийн АН-ын дарга нь мань хоёртоо дайн зарлачихсан. Т.Хасбаатар зомбидуулаад байгаа юм шиг л жолоогүйгээр намынхаа нэр дэвшигчдийг зүхэж байлаа. Учир мэдэх, хор ширэн дунд байж үзсэн хүмүүс болохоор А.Мөнхбат нь УИХ-ын гишүүдийг ард түмэнд яаж муухай харагдуулж болдогыг, дийлдэшгүй мэт улс төрчид яаж дийлдэгийг, өөрийн гараар бус өрөөлийн гараар хийдгийг, өөрөө тэгээд хэрхэн цэвэрхэн үлддэгийг сонгодог маягаар харуулж байна даа хэмээн ярьж суусан гэдэг. УИХ-ын сонгуульд өрсөлдөх бодолтой явсан түүнд Г.Батхүү, Д.Зоригт хоёр үнэхээр бул хар чулуу байсан юм. Их том улс төрч болох хүний огт өөр оюун тархи уу, улс төрд байж боломгүй бохир арга уу, ёстой мэдэх юм алга. Ямартай ч А.Мөнхбат гэж төрийн бус байгууллага толгойлж буй залуу улс төрийг ийм маягаар, өршөөлгүйгээр, хатуу чанга хийлээ..." гэж. 

Энэ нийтлэл гарснаас хойш гурван жилийн дараа бас нэг нийтлэл буюу "Энэ нөхрийн тухай Ирээдүйн АВРАЛ УУ, АЮУЛ УУ...хэмээн бичиж байлаа" гэсэн бас нэг нийтлэл уншигчидад хүрсэн юм. Түүнд "...А.Мөнхбат шиг юу ярьж, юу хийж байгаагаа мэддэг болчихсон ийм залуучуудын үг үйлдлийг анзаарч, зөв үйл хийвэл дэмжиж, бурууг хийвэл хазаарлая, яг энэ А.Мөнхбат шиг төр хийгээд хувийн хэвшилд ажиллаад үзчихсэн, олон сонгуулийн фронтод ажиллачихсан хүн залуучуудын нийгмийн тодорхой хэсгийг толгойлж, зохион байгуулах статустай болоод ирэхээрээ ирээдүйд эсвэл аврал болно, эсвэл аюул авчирна. Өнгөрсөн хавар Хар-Цагаан жагсаалтыг зохион байгуулсан. Жагсаалтын өнгийг харахад тэрбээр хоёр талдаа үзүүртэй шөвөг хойш ургаш нь харуулж барьчихаад "Аль аль намын ах нар аятайхан байгаараа, одоо л хулгай хийхээ больчих. Тэгэхгүй бол шударга нийгмийн төлөө явж буй ирээдүй хойч чинь ийм л дошгин байдалд орлоо" хэмээн ард түмний өмнө тэднийг айлгасан эхэллээ гэж бичжээ.

 Иймэрхүү цуврал нийтлэлүүдийн дараа сая нэг 2016 оны сонгуультай золголоо. Хар-цагаан жагсаалтын үр дүн АН-д илүү хүнд, хохиролтой тусах шиг болсон. А.Мөнхбатын өөрийнх нь харьяалагддаг байсан улс төрийн хүчин шүү дээ. АН-ын залуу лидерүүд гэгдэх Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин... алиных нь ч дэргэд А.Мөнхбат өнгөрсөн сонгуульд нийгэмд хамгийн нөлөөтэй оролцлоо. Тэр Хар-цагаан жагсаалт гэсэн өргөн фронт нээж сонгуульд оролцсон. Улс төр дэх үе солигдох гэсэн хамгийн аймшигтай,  монголд бараг өнөөдөртөө боломжгүй ч байж мэдэх процесс, гэхдээ үнэт зүйлийн төлөө тэр л ганцаараа сөрж зогсож тэмцлээ. Бас алуулах шахлаа.

Ард түмэн бол түүний эргэн тойрноос маш ихийг олж харж, итгэл үнэмшлээ болгосон. "Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан" гэдэг шиг. Одоо Хар-цагаан жагсаалтынхаа хэлбэр агуулгыг тэр өөрчилөх бололтой. Түүнд айж эмээнэ, хугарч нугарна гэсэн ойлголт байдаггүй. Зорьсныхоо ард заавал гардаг. Одоо ч тэгээд Монголын улс төр дэх зуд турхан, зуншлага ногоог хангалттай үзлээ дээ, тэр. А.Мөнхбатаас аль аль намынхан айхавтар болгоомжилж байгаа. Тэр дуугүй байх тусмаа хамгийн аюултай. Өвөрхангайн 2012 оны сонгууль шиг "юм" болно. Дуутай чимээтэй байх нь харин төрийн хулгайч нарт өлзийтэй ч юм шиг. "ХАР-ЦАГААН ЖАГСААЛТ"-аас харахад Монголын төрөөс хахаж цацатлаа хулгайлсан бүлэглэлүүд түүний эсрэг ямар аймаар ажиллав. Түүнд үнэнч хүн үлдэхгүй болтол нь шүү. Тэр өнөөдөртөө "Ганцаараа чоно"... харин шударга үнэн тогтсоны дараа хэн байхыг удахгүй харах боломж бүрдэж мэднэ. Учир нь өнөөдөр АН-ын Их хурлаас намын даргыг нийт гишүүдээсээ асууж сонгохоор боллоо. Ардчилалд хайртай бүхэн ардчиллыг амьдралынхаа үнэ цэн болгосон бүхэн зөвхөн шударга удирдагчийг хүсч байгаа. Зоригтой удирдагчийг хүсч байгаа. Тийм хүнийг сонгож чадахгүй бол Ардчилсан намын шинэчлэл гэж юу байхав дээ.

Өнөөдрийг хүртэл 26 жилийн турш намын төрийн толгойг эзэгнэж байгаа нөхдөөсөө намын даргаа сонговол Их хурлаараа хийсэн шинэчлэлийн төлөөх оролдлогууд бүгд хумхын тоос болно. Ийм тэнэг зүйл хийхгүйгээ Ардчилсан намын мянга мянган гишүүд мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Муугийн муугаар хэлүүлэн барин Монголын нийгмийн өмнө ил тодорхой гарч ирээд “Монголын төрөөс 26 жил хулгай хийсэн хүмүүс одоо зайлцгаа, тонилцгоо” гэж зориг зүрхтэйгээр хэлж байгаа нь А.Мөнхбатаас өөр хэн байгаа юм бэ. Тэр л байна гэж хэлэх хүн байна уу. Байхгүй шүү дээ. Одоо түүнийг төрөөс хулгай хийгчид, тэдний гар хөл бологсод улам ихээр зүхэх байлгүйдээ.   

Б.Нямсүрэн   

Эх сурвалж: "Өдрийн Сонин"