Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад харилцааны сайд, Элчин сайд хоёрын хэн нь худал хэлэв?

Н.Эрдэнэ, Өглөөний сонин
2016 оны 12 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын 12 мянган ам.доллар гэсэн статистикт итгэх үү, Элчин сайд Ш.Батцэцэгийн 12 сая ам.доллар гэх тоонд итгэх үү гэсэн асуулт гарч байна-

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн лхагва гарагт Бразил, Индонезид суугаа Элчин сайдын яамд, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг тус тус татан буулгаж, Киргыз улсад суугаа Ерөнхий консулын газрыг ЭСЯ болгох, Шанхайд Консулын газар нээх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.

Засгийн газрын санал болгосноор удахгүй ажилгүй болж мэдэхээр болоод байгаа Индонез улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Ш.Батцэцэгийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга Ж.Энхбаярт илгээсэн мэдээлэл олны анхааралд өртөөд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон Элчин сайд хатагтай Ш.Батцэцэг Индонезид байгуулсан Монгол Улсын ЭСЯ-ыг татан буулгахыг эрс эсэргүүцэж байгаа аж.

Харин ГХЯ-наас зарим дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах болсон шалтгааныг манай улсын иргэд цөөн тоогоор оршин суудаг, тухайлбал Бразилд Монгол Улсын 27 иргэн, Индонезид 25 иргэн байнга оршин суудаг, хоёр талын улс төр, хүмүүнлэгийн харилцаа сул, Бразилтай 2 мянга гаруй, Индонези улстай 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийдэг зэргийг харгалзан үзэж хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс иш татсан гэж тайлбарлажээ.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ч Индонези улстай манай улс 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийсэн хэмээн телевизээр ярьжээ.

Гэтэл Элчин сайд Ш.Батцэцэгийн мэдээлэлд “Их 20-ийн гишүүн орон, Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Индонез улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсын нийслэлд байрладаг Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-тэй Яриа хэлэлцээний түншийн харилцаа тогтоох зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамыг УИХ-ын 2013 оны зургаадугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар тогтоолоор байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын ЭСЯ Жакарта хотноо 2014 оны гуравдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хотод гадаадын долоон Элчин сайдын яам шинээр нээгдсэн. Жакарта хотод нийт 154 орны ЭСЯ, олон улсын 28 байгууллагын төлөөлөгчийн газар байдаг бөгөөд 2016 онд Жакарта хот нь Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн том зангилаа гэдгээр зарлагдсан.

Үүнээс гадна тухайн орны Элчин сайдын яамнаас гадна АСЕАН-ы дэргэдэх 16 орны Байнгын төлөөлөгчийн газар ажиллаж байгаа бөгөөд 2015 онд байгуулагдсан АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэгтэй бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг бусад орнууд зорьж байна.

Хоёр талын худалдааны эргэлт Индонезийн Худалдааны яамны мэдээллээр 2012 онд 7 сая ам.доллар, 2013 онд 20 сая ам.доллар, 2014 онд 23 сая ам.доллар, 2015 онд 6 сая ам.доллар, Монголын статистикийн мэдээллээр 2015 онд 12 сая ам.долларын худалдаа хийсэн байдаг" хэмээн дурджээ.

Эндээс Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын 12 мянган ам.доллар гэсэн статистикт итгэх үү, Элчин сайд Ш.Батцэцэгийн 12 сая ам.доллар гэх тоонд итгэх үү гэсэн асуулт гарч байна.

Элчин сайд Ш.Батцэцэг яамыг нь татан буулгахын эсрэг байна

Индонез улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад хандан ирүүлсэн мэдэгдэлдээ “Индонез улс дахь ЭСЯ-ыг татан буулгаснаар Монгол Улсын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх тул Засгийн газрын шийдвэрийг олон талаас нь судалж байгуулсан учир уг үндэслэлдээ хатуу байр суурьтай байж Монгол Улсын ЭСЯ-ыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдэл гаргана гэж Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд найдаж байна" хэмээсэн байна.

Ердөө хоёр жил ажиллаад татан буугдах болж байгаа Элчин сайдын яамны зүгээс хийж зохион байгуулсан ажлаа тэрбээр дээрх мэдээлэлдээ тайлагнаж, ойрын хугацаанд хийхээр тохиролцсон, төлөвлөсөн ажлуудаа ч жагсаажээ. Үүндээ:

...ЭСЯ-ны хүчин чармайлтаар 2016 оны гуравдугаар сараас эхлэн энгийн паспорттай Монгол Улсын иргэд Индонез руу 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчдог болсноос хойш тус улс руу богино хугацаагаар аялал жуулчлал, хувийн шугамаар манай иргэд зорчих нь сүүлийн үед эрс нэмэгдэх хандлага гарч байна. ЭСЯ байгуулагдсанаас хойш БНИУ-аас нийт 550 иргэн Монгол улсад зорчсон байна.

Тус ЭСЯ нь Монгол Улсыг сурталчлан таниулах олон арга хэмжээ зохион байгуулж, тухайлбал 2015 онд Монголын Соёлын Өдрүүд, “Хөсөгтөн" хамтлагийн тоглолт, 2015, 2016 онд Монгол Улсын ЭСЯ-ны нэрэмжит гольфийн тэмцээн, 2016 онд Монголын уран бичлэг, оньсон тоглоомын үзэсгэлэн, Индонезийн батик даавуугаар хийсэн монгол дээлний үзүүлбэр, түүнчлэн тус улсын аялал жуулчлалын тусгай бүсэд Монголын соёлын төвийг нээсэн.

Эдгээр арга хэмжээнүүдийг Индонезийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн түгээсэн нь манай орныг зорих Индонезийн жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Эцэст нь дүгнэхэд, Монгол, Индонезийн хоёр талын харилцааг өргөжүүлэхэд тус ЭСЯ санал санаачилга гарган идэвхтэй ажилласаар байна. Тус ЭСЯ энэ онд төлөвлөсөн ажлаа үндсэнд нь хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх онд дараах чиглэлээр голлон анхаарч, суугаа болон хавсран хариуцаж буй оронтой харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр ажиллах зорилт тавьж байна. Үүнд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг БНИУ-д айлчлуулах;
  • Монгол, Индонезийн ЗГХК-ын хоёрдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр ажиллах;
  • Монгол, Индонезийн парламентын төлөөлөгчдийг харилцан айлчлуулах чиглэлээр ажиллах;
  • Монгол, Индонезийн худалдаа, бизнесийн төлөөллийн харилцан айлчлал зохион байгуулах;
  • Монгол, Индонезийн хөдөө аж ахуйн хамтарсан ажлын хэсгийн хоёрдугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах;
  • Хоёр орны аялал жуулчлалын форум зохион байгуулах;
  • Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах;
  • Монгол, Индонезийн батлан хамгаалахын хамтын ажиллагааг эхлүүлэх;
  • Индонез дахь Монгол судлалын эхлэлийг тавих боломжийг судлах;
  • АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох чиглэлээр ажиллах;
  • Монгол Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсыг сурталчлан таниулах цуврал арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах зэрэг болно” гэжээ.
Зураг