Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эерэг тайлан буюу Глобаль сангийн төслүүдийн үр дүн

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Глобаль сан гэдэг нэр монголчуудад хэдийнээ танил болжээ. Учир нь тус  сангийн дэмжлэгтэйгээр олон монгол хүн үнэгүй эмчилгээ, оношилгоонд хамрагдсан. Тэд бас өчнөөн монгол хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нь тусалж, эрүүл мэндийн салбарын ачааны хүндээс үүрэлцсэн билээ. ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх зорилгоор НҮБ-ын санаачилгаар байгуулагдсан Глобаль сан 2003 оноос манай улсад төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Ганц жишээ татахад, 2011-2016 онд үндэсний хэмжээнд хэрэгжсэн төслийн ачаар олон эмэнд дасалтай сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи, хурдавчилсан оношлогооны аргуудыг Монголд нэвтрүүлжээ. Үүнээс өмнө уламжлалт аргаар буюу өвчтөнөөс цэрний шинжилгээ аваад, cүрьеэгийн микобактер байгаа, эсэхийг мэдэхийн тулд 56 хоногийн турш тэжээлт орчинд ургуулж, дараа нь өнөөхөө олон эмэнд дасалтай юу гэдгийг шинжлэх гэж 40 хоног хүлээдэг байж. Амьсгалын замын халдварт өвчний тархалт геометр прогрессоор өсөн нэмэгддэг аюултай учраас тухайн өвчтөн үнэхээр олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн байвал энэ хугацаанд маш олон хүнд халдварлуулах эрсдэлтэй гэсэн үг. Тэгвэл Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжсэн дээрх төслийн ачаар чилийсэн 96 хоногийн хүлээлтийг хоёрхон цаг болгон товчилсноороо сүрьеэгийн оношилгоог цоо шинэ түвшинд гаргаж ирснийг өнгөрсөн баасан гаригт болсон төслийн тайлангийн хурлын үеэр онцолж байв. 

Олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн 1,200 хүнийг илрүүлэн, эмчилгээнд хамруулжээ 

Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гишүүн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгд тооцогддог. Сүрьеэ манай улсад зонхилон тохиолддог халдварт өвчний дотор гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт орж байгаагаас гадна хамгийн эмзэглүүштэй нь шинээр илэрч буй сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд байгаа юм. Мөн олон эмэнд дасалтай сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаа  сүүлийн жилүүдэд эрс  нэмэгдэж илрүүлэлт сайжирсан байна.

Гэвч зөвхөн донор байгууллагуудад найдаад суугаад байлгүй, төр, засгийн зүгээс ч анхаарал хандуулах шаардлагатай байгааг уулзалтын үеэр оролцогчид анхааруулж байлаа. Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжсэн уг төслийн ачаар сүүлийн 50 гаруй жил Монголд огт хийгдээгүй үйл ажиллагаа болох сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгааг хийжээ. Нийт хүн амын дунд сүрьеэгийн тархалт ямар түвшинд байна вэ гэдгийг ийнхүү судалгаа нотолгоонд суурилан, онолын үндэслэлтэйгээр гаргаад ирэхээр “Жилд 4,000 орчим хүн шинээр сүрьеэгээр өвчилдөг ” гэсэн бүдүүн тойм тооны цаана шинж тэмдэг нь илрэхгүй, далд хэлбэрээр яваад буй төчнөөн хүн байгааг тооцоолох боломжтой болох гэнэ.    

“2011-2016 онд хоёр үе шаттайгаар хэрэгжсэн төслийн хүрээнд Глобаль сангаас 16.3 сая ам.долларын санхүүжилтийг манай улсад олгосон. Энэ хугацаанд хэрэгжсэн төслийн хамгийн гол ач холбогдол нь олон эмэнд дасалтай сүрьеэгийн  оношлогоо эмчилгээний чадвахийг  бий болгож бэхжүүлсэн байна. Тэдгээр хүмүүсийг эрт илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулснаараа цаана нь маш олон хүнийг олон эмэнд дасалтай сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлж чадсан гэсэн үг.

Мөн энэ төслийн хүрээнд онцлох нэг чухал зүйл нь олон нийт буюу сайн дурын идэвхтэнүүдийн оролцоог маш сайн өргөжүүлжээ.

Олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн дийлэнх  нь нийгмийн эмзэг бүлгийнхэн байдаг. Тиймээс өдөр бүр сүрьеэгийн тасагт ирж, эмээ ууж чадахгүй байгаа хэвтрийн өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй, асарч халамжлах хүнгүй ганц бие гэх мэт хүмүүс рүү сайн дурынхны үйл ажиллагааг чиглүүлж өгсөн. Ингэж сайн дурын идэвхтэнүүдээр эмээ зөөлгөж уусан өвчтөнүүдийн 97 хувь нь эдгэрснээс харахад эмчилгээ, үйлчилгээг иргэдэд ойртуулж өгвөл илүү үр дүн гарах юм билээ.

Мөн халдвар тараах үе нь үгүй болсон зарим өвчтөн өөрөө хүсвэл өрхийн эмнэлэг дээрээ очоод, эмээ уух сонголтыг ч бий болгож өгсөн” хэмээн Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй Сүрьеэгийн төслийн мэргэжилтэн С.Ганзаяа ярилаа. 

Таван жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнг ярина гэвэл зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Тухайлбал, улсын хэмжээнд  олон эмэнд дасалтай сүрьеэгийн ор ердөө 30-хан байсныг 98 ор болгон нэмэгдүүлжээ.

Мөн хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн дунд 60 удаагийн үзлэг оношилгоо хийж, тэндхийн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх үүднээс олон эмэнд дасалтай сүрьеэгийн 10 ортой тасаг нээж өгсөн байна.

Түүнчлэн Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай гэх мэт сүрьеэгийн өвчлөл хамгийн өндөр найман аймагт олон эмэнд дасалтай сүрьеэгийн тасаг байгуулж өгчээ. 

Глобаль сан ДОХ, сүрьеэгийн төслийг 2018-2020 он хүртэл үргэлжлүүлэх боломжтой гэжээ

Монголд сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчин эрчимтэй нэмэгдэх болсныг эрүүл мэндийн байгууллагууд, эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар буй. 

“Монголд ДОХ-ын төд дэх тохиолдол бүртгэгдлээ” гэхээр “Хөөх, төд болчихоо юу” гэж шогширдог байсан бол одоо бүр тоохоо ч байж. 2003 онд анх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж эхлэхэд ХДХВ-ийн халдвартай монгол хүний тоо гарын таван хуруунд багтахаар байсан бол өдгөө дээрх тоо 219-д хүрээд байна. 

 

Ингээд хэлэхээр төсөл хэрэгжүүлсэн Глобаль сангийнхан энэ тоог 219 болгочихсон юм шиг мушгиж ойлгов доо. Хэт их эрх чөлөөний гор хийгээд мэдлэг, мэдээлэлгүйн хар гайгаар бэлгийн замын халдварт өвчтэй, тэр дундаа ДОХ-той хүний тоо хуурай өвсөнд тавьсан түймэр мэт огцом өсөн нэмэгдэж байхад түймрийн өөдөөс 13 жилийн турш тасралтгүй тэмцсэн хүмүүсийн тэргүүн  эгнээнд тэд явж байлаа. Хэрэв уг төслүүд хэрэгжиж, Монголд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын БЗДХ-ын эмч, мэргэжилтнүүдийг ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр  сургаагүй бол, төрөлхийн тэмбүүгээс сэргийлэх нэг цэгийн үйлчилгээг зургаан дүүрэг, найман аймагт нэвтрүүлээгүй бол өдийд бид ямархуу дүр зурагтай сууж байсан бол...

 

Манай улсад БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний нийт санхүүжилтийн 37 хувийг улсын төсвөөс гаргадаг бол 58 хувийг нь олон улсын донор байгууллагаас орж ирдэг. Тэр дундаа Глобаль сан дээрх мөнгөний 80 хувийг дангаараа өгч байгаа аж. Тухайлбал, 2015-2017 онд Глобаль сангаас “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээ, дэмжлэгийг нэмэгдүүлэх Үндэсний хөтөлбөрийг өргөжүүлэх замаар ХДХВ-ийн бага тархалтыг тогтоон барих” төсөлд зориулж таван сая ам.долларын санхүүжилт өгсөн ч энэ нь Монголд дээрх чиглэлээр цогц арга хэмжээ авахад шаардлагатай нэг жилийн л төсөв гэдгийг тайлангийн хурлын үеэр төслийн зохицуулагч А.Оюунбилэг илтгэлдээ дурдлаа. 

Тэгэхээр улсын төсвөөс өгч байгаа мөнгө нь бүр аманд ч үгүй, хамарт ч үгүй болдог гэсэн үг байх нь. Гэвч өнгөрсөн хугацаанд манай улсад хэрэгжүүлсэн олон үе шаттай төслүүдийн ачаар нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд (0.1 хувиас ихгүй байх) тогтоон барих Мянганы хөгжлийн зургадугаар зорилтыг бүрэн биелүүлжээ.

Тухайлбал, ХДХВ, БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр үндэсний хэмжээний бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлснээс гадна анагаахын чиглэлийн их, дээд сургуулиудын хичээлийн ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх цөм хөтөлбөрийг боловсруулж, цусны аюулгүй байдлыг бүх түвшинд ханган, донорын цусанд ХДХВ, тэмбүүгийн шинжилгээг 100 хувь хийдэг болсон зэрэг нь бүгд дээрх төслийн үр дүн юм. 

2006 оноос ХДХВ-ийн халдвар илрүүлэх Сайн Дурын Зөвлөгөө Шинжилгээний хөтөлбөр нэвтрүүлснээр одоо 32 төв ажиллаж байна.

 

 “Залуус эрүүл мэнд” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж “Бид 2007 оноос хойш Глобаль сантай хамтран ажиллаж байгаа. Бэлгийн цөөнх рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж, тэднийг  ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, зөв мэдээ мэдээллээр хангаж, оношилгоо, эмчилгээнд хамруулах нь бидний гол зорилго юм. Манай төв дэргэдээ мэргэжлийн хоёр эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, 10 орчим сайн дурын ажилтантай. Сайн дурын ажилтнуудаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл түгээж, бэлгийн цөөнх залуусыг шинжилгээнд хамруулдаг. Эргэлзээтэй гарсан шинжилгээний хариуг ХӨСҮТ рүү явуулаад, хариугаа баталгаажуулдаг. Өнгөрсөн хугацаанд манай төвөөр дамжин шинжилгээнд хамрагдсан залуусын дундаас 30 гаруй хүн ДОХ-той гэдэг нь тогтоогдож, эмчилгээнд хамрагдаж байгаа” хэмээн ярилаа.

Эрсдэлт бүлгийнхэн буюу гей залуус, биеэ үнэлэгчдэд мэдээлэл түгээж, оношилгоо, эмчилгээнд хамруулах ажилд ТББ-уудын сайн дурын ажилтнуудын үүрэг оролцоо их байдаг учраас Глобаль сантай хамтран ажилласнаар чамгүй үр дүнд  хүрснээ илтгэл тавьсан хүмүүс онцолж байв. Харин одоо ДОХ-той тэмцэх үндэсний хороог дахин сэргээж байгуулах асуудлыг яаравчлах шаардлагатай байгааг оролцогчид ЭМЯ-ныханд хандан хэлсэн юм. 

Цаашид Глобаль сангаас 2018-2020 он хүртэл ДОХ, сүрьеэгийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэж, шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгөхөөр болсон тухай таатай мэдээг өнөөдөр өглөө хүлээн авлаа хэмээн  төслийн зохицуулагч энэ үеэр оролцогчдод дуулгалаа.    

Цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ донорын мэдээллийн санг бий болгожээ

Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2010-2016 онд хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх MON-S-MOH төслийн хаалтын хурал өнгөрсөн Баасан гарагт болсон юм. Улс орны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхгүйгээр ДОХ, сүрьеэ, өвчинтэй тэмцэх ажил үр дүнд хүрэхгүй хэмээн үзсэний үндсэн дээр Глобаль сан энэ чиглэлээр тусад нь төсөл боловсруулах боломжийг улс орнуудад нээж өгсөн юм.

Эрүүл мэндийн салбар бол Монгол Улсын хувьд хамгийн их хэл ам дагуулдаг, асуудал нь тэр бүр  шийдэгдэж өгдөггүй, бас хамгийн үрэлгэн нь ч гэгддэг. Энэ бүгдийн гол гогцоог тогтолцооны гажуудалтай холбон тайлбарладаг хүн бишгүй. Тэгвэл өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 5.7 сая ам.долларын санхүүжилтээр энэ төсөл хэрэгжихдээ ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг асуулт эрхгүй анхаарал татна.

Төслийн хүрээнд 2.1 сая ам.долларын үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур, урвалж бодис, эмнэлгийн бус тоног төхөөрөмжийг ханган нийлүүлсэн гэх мэт мэдээллээс илүүтэй эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд юу хийсэн бэ гэдэг нь мэдээж хамгийн чухал. 

Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн тогтолцоо болон эрүүл мэндийн байгууллагуудын лаборатори, халдвар хяналтын үйл ажиллагааны чанарыг сайжруулах замаар тогтолцоог нь бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой энэхүү төсөл дөрвөн үндсэн зорилтын дор хэрэгжжээ. Төслийн хүрээнд хамгийн наад зах нь интернэтэд суурилсан лабораторийн цахим мэдээллийн нэгдсэн сүлжээг манай эрүүл мэндийн салбарт шинээр нэвтрүүлсэн аж. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зураасан кодын системийг нэвтрүүлснээр цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ донорын мэдээллийн санг бий болгох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, саяхныг хүртэл манайд цус цусан бүтээгдэхүүн дээр ийм бар кодын систем нэвтрээгүй байсан гэсэн үг. 

“Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд өгсөн нийт санхүүжилтийн 50 шахам хувийг лабораторийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад зарцуулсан. Эмнэл зүй ба лабораторийн стандартчиллын институт хэмээх олон улсын байгууллагын гишүүнээр элсэж, эмнэлгийн лабораторид нэн шаардлагатай 91 стандартыг худалдаж аваад, монгол хэлээр орчуулж, нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр манай эрүүл мэндийн лабораториудын  тусламж үйлчилгээ олон улсын жишиг стандартад нийцэх юм.

Мөн ХӨСҮТ-д эд эсийн шинжилгээний иж бүрэн лабораторийг байгуулж, оношлуурыг ханган нийлүүлж байна. Түүнчлэн лабораторийн чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг үндэсний хэмжээнд анх удаа шинээр нэвтрүүлсэн нь энэ төслийн гол онцлог гэж хэлж болно. Цус цусан бүтээгдэхүүнээр дамжих халдвар, ялангуяа ХДХВ/ДОХ, гипатит В, С, тэмбүүгийн халдварыг оношлох лабораторийн чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг 21 аймаг, есөн дүүргийн сериологийн лабораторид хэрэгжүүлсэн.

Түүнээс гадна ХӨСҮТ, ЦССҮТ-ийн лавлах лабораториуд Австралийн үндэсний лавлах лабораторитай хамтран, гадаад чанарын хяналтад хамрагдаж, олон улсын түвшинд хангалттай үнэлгээ авсныг дуулгахад таатай байна” хэмээн Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах төслийн мэргэжилтэн Т.Байгаль ярьсан юм. 

 

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудад халдварын сэргийлэлт, хяналтыг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд халдвар, хяналтын ажилтан бэлтгэх үндэсний хэмжээний сургалт зохион байгуулж, 990 хүнийг хамруулжээ.

Сумдын эмнэлэгт хүртэл халдвар хяналтын ажилтанг анх удаа бэлтгэж өгснөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа хүмүүст эрүүл мэндийн байгууллагаас шалтгаалсан халдвар авах эрсдэлийг бууруулах юм байна.

Жишээ нь, төсөл анх хэрэгжиж эхэлж байхад эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын илрүүлэлтийн суурь үзүүлэлт 0.5 хувьтай байсныг гурван хувь болтол нэмэгдүүлсэн нь тэр хэрээрээ тандалт судалгаа сайжирч, халдвар авах эрсдэл нь буурсан гэсэн үг болохыг Т.Байгаль мэргэжилтэн онцоллоо.  

Тулгамдаж буй асуудлууд

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр ч, ДОХ, сүрьеэгийн эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад хүртэл салбар хоорондын хамтын ажиллагаа хангалтгүй байгаа нь тулгамдаж буй асуудал яах аргагүй мөн гэдгийг хуралд оролцогчид хэлж байлаа.

Мөн сүрьеэгийн оношилгооны тухайд гэхэд л лабораторийн удирдлагын үндэсний тогтолцоо бэхжээгүй, бүртгэл, эргэн мэдээллийн систем хангалтгүйн улмаас шинжилгээний давхцал гарсаар байгаа гэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд төслийн зүгээс сургаж, бэлтгэсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвортой ажлын байраар хангахад төдийлөн анхаарахгүй байгаа нь мөн л салбар хоорондын уялдаа холбоогүй ажиллагаатай холбоотой билээ. 

 

2015-2017 онд манай улсад Глобаль сангийн санхүүжилтээр ДОХ, сүрьеэгийн чиглэлээр 10 сая ам.долларын төсөл хэрэгжиж буй ч энэ нь тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хаанаа ч хүрэлцэхгүй байгаа аж. Жишээ нь, 2016-2017 онд жил бүр 8-9 тэрбум төгрөг дутагдалтай байгаа бөгөөд мөн дээрээс нь хүний нөөцийн хомсдол (УБ хотод 10, аймгуудад 30, ХӨСҮТ-д 24 буюу нийтдээ сүрьеэгийн 64 эмч дутагдалтай байна) хүртэл нэрмээс болж буй гэнэ. Тиймээс Засгийн газраас ХДХВ, ДОХ, сүрьеэтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зарцуулагдах санхүүжилтийг бодитойгоор нэмэгдүүлэх, донорын санхүүжилтээс төсвийн санхүүжилт рүү шилжих “Шилжилтийн төлөвлөгөө” боловсруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг талууд онцолж байв.  

 

Эх сурвалж: Л.Ганчимэг /Өнөөдөр сонин/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.