Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХҮЙ ДОЛООН ХУДАГТ цанын бааз нээгджээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Монгол наадам цогцолбор"-ын удирдлагууд мэдээлэл хийж, Хүй долоон худагт байгуулсан "UB RESORT" цанын баазын нээлтийн талаар мэдээлэл өглөө.


"Монгол наадам цогцолбор"-ын орлогч дарга Я.Болдбаатар "Манай байгууллага Хүй долоон худагт байрлах цогцолбороо жилийн дөрвөн улирлын турш тогтмол үйл ажиллагаатай байлгахын тулд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Үүний нэг бол "UB RESORT" цанын бааз юм. Цанын бааз одоогийн байдлаар туршилтын үйл ажиллагаа явуулж байгаа.

"UB RESORT" цанын баазын цана чаргаар гулгах талбайг тохижуулахдаа хэт өндөр биш талбайг сонгосон. Гулгалтын талбай 500-800 метр урт үргэлжилнэ. Мөн 60x30 хэмжээтэй мөсөн гулгуурын талбай, мөсний сурын талбай, морин чарга бэлтгээд байгаа.

Хүй долоон худаг хотоос баруун талд, салхиныхаа дээр байрладаг тул утаа нүүж очдоогүй цэнгэг агаартай газар. Зуны цагт наадам зохион байгуулдаг учраас дэд  бүтэц сайн хөгжсөн. Иргэд хувийн автомашинаараа болон нийтийн тээврийн автобус, галт тэргээр очих бүрэн боломжтой. Бидний зүгээс эхний ээлжинд амралтын өдрүүдээр чиглэлийн автобус явуулахаар холбогдох албаныханд саналаа хүргүүлээд байна.

Бид цанын баазын орчимд иргэдийг тав тухтай байлгах үүднээс дулаан гэр, халуун хоол, цайгаар үйлчлэх бөгөөд байгууллага хамт олон урьдчилсан захиалгаар үйлчлэх боломжтой" гэлээ.

"Монгол наадам цогцолбор"-ын зүгээс аль болох хямд үнийг санал болгох ба одоогийн байдлаар үнийг эцэслэн тогтоогүй байгаа ажээ.

Нэг удаадаа 100 орчим хүнийг хүлээн авах хүчин чадалтай "UB RESORT" цанын баазын талаар дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк хуудсаар нь дамжуулан авах боломжтой юм байна.