Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Олимпоос алт авах хүртэл ямар ч тэмцээнд ялсан сэтгэл минь ханахгүй"

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2016 оны 12 сарын 16
Монголын мэдээ
Зураг зураг

Японд спортын бүхий л төрлийн шилдэг тамирчид бий. Гэхдээ монголчуудад жүдо, чөлөөт бөхийн тамирчид нь илүүтэй танигдсан байдаг гэвэл хэтийдсэн болохгүй. Саяхан Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээн болсон бөгөөд энэ тэмцээний өмнөхөн Риогийн олимпийн хүрэл медальт Такато Наохиса, Кондо Ами нар хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэд Риогийн олимпийн тэмцээний талаар болоод ирээдүйн зорилгынхоо тухай сонирхолтой ярилцлага өрнүүлснийг энэ удаа орчуулан хүргэж байна. Такато Наохиса бол 1993 оны тавдугаар сард төрсөн эдүгээ 23 настай тамирчин бөгөөд 60 кг-ийн жинд зодоглодог Японы чадварлаг жүдочдын нэг билээ.

Тэрбээр өсвөрийн (2009) болон залуучуудын (2011) ДАШТ-д түрүүлж, 2012 оноос Их дуулга, Мастеруудын тэмцээн гээд очсон л бол алтан медаль шүүрдэг ч, 2014 оны Челябинскийн ДАШТ, 2016 оны Рио-де- Жанейрын олимпоос тус тус хүрэл медаль хүртсэн байдаг.

Харин Японы эмэгтэй жүдочдын хувьд нэлээд рейтинг өндөртэйд тооцогдох тамирчин Кондо Амигийн тухайд 21 настай. Мөн оролцсон тэмцээн бүрээсээ алт шүүрдэг тамирчин бүсгүй Риогийн зуны олимпоос хүрэл медаль хүртсэн удаатай билээ. 

-Бразилын Рио де Жанейрод болсон олимпоос та хүрэл медаль хүртсэн. Шулуухан асуухад олимпод өөрийнхөө сэтгэлд хүртэл барилдаж чадсан уу. Хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
 
-Олимпоос хүрэл медаль авсан. Хэдийгээр медаль хүртсэн ч гэлээ, алтан медаль биш болохоор яаж ч бодсон сэтгэл хангалуун байж чадахгүй шүү дээ. Хэрэв би жүдогийн спортыг орхихоор шийдсэн байсан бол сэтгэл ханаж магадгүй. Гэхдээ яг одоо бол Олимпоос алт авах хүртлээ ямар нэг тэмцээнд ялсан ч сэтгэл минь ханахгүй байх гэж бодож байна даа.

 -Олимпийн дараа эх орондоо ирснийхээ дараа олон ч хэвлэлд ярилцлага өгч, нэвтрүүлэгт оролцсон. Харин одоо олимпийн талаар эргээд дурсахад, гомдох зүйл байна уу? 

-Хэвлэл мэдээллийн байгууллагад очиж ярилцлага өгөх үед алтан медаль хүртсэн тамирчин эхлээд ярьж, хүрэл медальтнууд сүүлд нь ч гэх юм уу ийм дэс дараалалтайгаар оролцдог байсан. Гэхдээ мэдээж, одоо бол өөр л дөө. Хүрэл медаль ч авч чадаагүй бол бүр л тоохгүй байсан байх.

Ийм зүйлийг ч гэсэн сайн судалж бэлтгэлтэй байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ичгүүртэй ч юм шиг, гомдмоор ч юм шиг санагдаж билээ. Тийм мэдрэмжийг авсан минь надад цаашдаа туршлага болох байх.

-Олимпийн наадамд анх удаагаа оролцсон. Ер нь олимпийн дэвжээнд гарах ямар байсан бэ? 

-Мөрөөдлийн дэвжээ. Төрсөн сэтгэгдлээ үгээр илэрхийлэхэд тун хүнд байна. Зүүдлээд ч байгаа юм шиг санагдсан. Мөрөөдлөөсөө атгах боломж нь гагцхүү тэр дэвжээ байлаа. Хэрвээ тэндээс алтан медаль авсан бол миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, мөрөөдлөө биелүүлсэн мэт мэдрэмж төрөх байсан болов уу. Гэхдээ тэр дэвжээндээ би өөрөө хангалттай барилдаж чадаагүй, бас хэт алтан медалийн төлөө улайрсан. Энэ л миний сул тал байлаа. 

-Та тун их харамсч буй бололтой?

 -Алтан медаль авч чадаагүйдээ л харамсч байна. Гэхдээ би харамслаа гээд Рио де Жанейрогийн олимп эргээд ирэх биш дээ. Аль хэдийн өнгөрсөн болохоор одоо “хэрэв тэгсэн бол” гэж ярихыг хүсэхгүй байна. 

-Хагас шигшээд ялагдахад танд хэцүү байсан байх. Тэр шокоо яаж даван туулав даа? 

-Түрүүн хэлсэн шүү дээ. Би одоо яриад хүрэл медалиа сольж чадахгүй. Олимпийн алтан медальтан болох миний мөрөөдөл. Гэхдээ тэр медалийг би авч чадаагүй. Олимп дууссан. Ямартай ч, “Токиогийн их дуулга”-д оролцоно гэсэн бодлоор шокийн байдлаасаа гарахаас өөр сонголт надад байгаагүй. 

-Авч чадаагүй медалиа дөрвөн жилийн дараа Токиогийн олимпоос авах юм шүү гэж бодоогүй гэж үү? 

-Риогийн олимп руу тэмүүлж байсан. Харин одоо дахиад дөрвөн жил хүлээнэ. Гэхдээ энэ хугацааг үр бүтээлгүй алдаж болохгүй. Ирэх дөрвөн жилд хэрхэн өөрийгөө бэлдэх талаар төлөвлөлт хийх болно. Дөрвөн жилийн хугацаанд хүндрэл бэрхшээл тохиолдохыг үгүйсгэх аргагүй ч, хичээл зүтгэлгүйгээр алтан медалийг атгаж чадахгүй. Энэ удаагийн туршлагаа дараагийн удаа үр дүнтэйгээр ашиглана. Хэрэв тэгж чадахгүй бол нас нэмэх тусам байдал хүндэрч магадгүй. 

-Өөрийн тань барилдааны оргил үе Токиогийн олимптой давхцах нь ээ?

-Оргил үе гэж хэлж болохгүй байх. Гэхдээ алтан медаль авчихвал л болно шүү дээ. Хамгийн сайн барилдааныг харуулах болно. Нэг олимпод оролцсон юм чинь дараагийн дөрвөн жилд үр дүн гарах нь гарцаагүй гэсэн бодолтой байна.

2020 оны олимп Токиод болохоор шийдвэрлэгдэх үед “Миний төлөө Токиод болох нь” гээд л их нааштайгаар хүлээн авсан шүү /инээв/. Олимпийн татамид гарвал дэвжээ нь хаана байх бол, алтын төлөө барилдаж чадах болов уу гэх мэт асуудлуудаа мэдэх боломжтой болно. Тиймээс олимп, олимп гэж хэт ярихыг оронд тэнд оролцоход учирч болох бэрхшээлд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Эхлээд тэмцээнүүдэд нэг нэгээр нь оролцож, цаашдынхаа төлөвлөгөөг боловсруулна даа.

-Тэгвэл таны бэлтгэлийн нэг алхам нь Токиогийн их дуулга юм байна? 

-Зөвхөн жүдо бөхийн хөгжлийн төлөө гэсэн бодолтой байвал учир дутагдалтай байх. Тиймээс өөрийгөө, хүч чадлаа харуулахыг хүсч байна. Үнэндээ хүрэл медаль бус, алтан медаль авч, түүнийг жаахан ч гэсэн хармаар байна.

Тиймээс ялалтын төлөө л барилдана. Токиогийн их дуулгад ялсан ч бай, ялагдсан ч бай ирэх дөрвөн жилд маш том өөрчлөлт гарах байх. Японд болсон ямар ч тэмцээн уралдаанд дандаа түрүүлдэг болох болно. Намайг хүлээж байгаарай л гэж хэлье.

Кондо Ами: М.Уранцэцэгтэй таарч барилдахад миний нүдний өнгө өөр болчихсон байлаа 

 

-Риогийн олимп таны хувьд анхны олимп байсан. Тэмцээнийг эргэн дурсвал ямар вэ?

-Сандрал байгаагүй. Татамид гарахдаа би зүгээр л барилддагаараа л барилдана гэж боддог. Гэтэл тэр үед алтан медаль авахыг маш их хүссэн. Олимп түүгээрээ л өөр. 

-Кондо Ами тэмцээний дэвжээн дээр ихэнхдээ л инээмсэглэж харагддаг. Харин олимпийн үеэр бараг инээмсэглээгүй байх шүү? 

-Бусад тэмцээний үеэр ч гэсэн мэдээж ялагдъя гэж хэн бодох билээ. Гэхдээ олимпод эелдэг зан гаргавал ялагдана. Анхны олимп байсан учраас юу ч үгүй хоцрохыг хүсээгүй. 

-Медалийн төлөөх барилдааны талаар яриач?

 -Манайх багаараа ялж байсан учраас би түрүүлж мэх хийх бодолтой байлаа. Гэтэл өрсөлдөгч маань үүнийг мэдчихсэн. Дараа нь ч гэсэн намайг мэх хийх оролдлого хийх бүрт мэдчихээд зайлчихаад байсан л. Харин яг ялах тэр мөчийг ялах, ялагдах эргэлтийн цэг байсан гэж одоо боддог.

 -Өрсөлдөгчөө нэлээд ядрааж байж эцэст нь ялсан байх аа?

-Цөхөрсөн, ядарсан хүн нь өрсөлдөгч гэхээсээ илүүтэйгээр би өөрөө байсан. Завсарлага авч болохгүй л байх даа гэх бодол төрж байсан шүү. Ялагдаж уйлаад, тэр байдлаасаа гарч чадаагүй байхдаа хүрлийн төлөөх барилдаанд орсон. М.Уранцэцэгтэй таарч барилдах тэр үед миний нүдний өнгө өөр болчихсон байсан байх. Би энд заавал ялах ёстой гэж л бодож байлаа.

 -Тэмцээний дараа ч гэсэн харамссаар байсан уу?

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялаад баярласан. Гэхдээ хөгжөөн дэмжигчид рүү харах үедээ гэр бүл, багш нараа баярлаж байгааг хараад “Гуравдугаар байрт орчихлоо” гэж бодсон. Үнэндээ алтан медаль авахыг л хүсч байсан. 

-Риогийн олимпийн дараа янз бүрийн нэвтрүүлэг, парадад оролцож харагдсан. Тэмцээний талаар дахиж бодох үе байсан л биз дээ?

 -Юуны өмнө медаль авсан тамирчин, медаль аваагүй тамирчныг нийгэм ялгаатай хүлээж авдаг. Хэдийгээр би медаль авсан ч гэлээ, хүрэл медаль бол хамгийн доод медаль учраас медальтнууд дундаа хамгийн доогуур байрыг эзэлж байлаа. Надад янз бүрийн л бодол төрж байсан. Медаль бол медаль, авч чадсан нь л яамай гэж бодох ч үе байлаа. Яах вэ, ялагдал бол ялагдал шүү дээ. 

-Медалиа одоо хаана хадгалж байгаа вэ? 

-Байрныхаа ширээн дээр хадгалж байгаа. 

-Ханандаа өлгөөгүй хэрэг үү? 

-Байрныхаа хананд өлгөчихье гэж бодсон л доо. Медалиа янз бүрийн газар руу авч явж хүмүүст харуулсаар байгаад урд тал нь халцарчихсан юм. Хүрэл медаль алтыг бодвол халцарсан нь илт мэдэгддэг. Тийм болохоор хүнд харуулахаас санаа зовоод одоо ширээн дээрээ тавьчихсан байгаа. 

-Дөрвөн жилийн дараа болох Токиогийн олимпод тавьсан зорилго тань юу вэ? 

-Одоогоор ДАШТ-үүдээс алтан медаль авах зорилго тавьж байгаа. Дөрвөн жил гэдэг урт хугацаа шүү дээ. Хоёр жилийн дараагаас эхлээд олимпод бэлтгэнэ. Тиймээс одоогоор Токиогийн олимпийн талаар төлөвлөсөн зүйл алга.

Зураг