Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

А.Батцэцэг, С.Цэрэнчимэд, О.Насанбурмаа нар алтан медаль хүртлээ

Н.Пунцагболд
2016 оны 12 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд тус улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө.

Энэ удаагийн нээлттэй тэмцээнд манайхаас дэлхийн аварга С.Цэрэнчимэд, дэлхийн аваргын хошой медальт О.Насанбурмаа тэргүүтэй 12 бөх барилдсанаас дөрөв нь финалд гарч, гурван алтан медаль хүртлээ.

55 кг-ын жинд зодоглосон ОУХМ А.Батцэцэг нэгдүгээр тойрогт Дагестаны бөх Хадижат Муртузалиеваг 10:0-ээр цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Эмма Матисинаг 6:0-ээр ялжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Беларуссын бөх Ирина Курочкинатай өрсөлдөж, 6:2- оор хожсоноор аварга боллоо.

А.Батцэцэг энэхүү тэмцээнээс өмнө нь хошой хүрэл медаль хүртэж байсан амжилтаа энэ удаа ахиулж, аварга болж чадсан юм. Тэгвэл 58 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Москва хотын бөх Екатерина Вьюноваг 10:1-ээр буулгаж авсан бол хоёрдугаар тойрогтоо мөн өрсөлдөгчөө хожсон байна.

Харин хагас шигшээд Чувашийн бөх Вероника Чумиковатай ширүүхэн барилдсаны эцэст 10:9-ээр буулгаж авсан. Улмаар алтан медалийн төлөө Москва хотын бөх Юлия Албороватай барилдаж, барилдааны хугацаа дуусах үед нэг оноо авч 7:7- оор буюу сүүлчийн оноогоор яллаа.

Шүүгч манай бөхийн барилдааныг илт булхайтай шүүж, мэх хийх гэж байхад нь босгох зэргээр луйвардах гэж оролдсон. Гэвч С.Цэрэнчимэд дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ баталж, ялж чадсанаар аварга боллоо.

Харин 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа нэгдүгээр тойрогт Буриадын бөх Анна Щербаковаг 9:3, хагас шигшээ барилдаанд Москва мужийн бөх Анастасия Братчковаг 2:2 Италийн бөх Далма Коневатай барилдаж, илт илүүрхэн ялснаар аварга боллоо. Ийн Монгол Улсын төрийн дуулал Орост гурвантаа эгшиглэлээ.

Тэгвэл 75 кг-д зодоглосон ОУХМ Б.Одончимэг мөнгөн медаль хүртлээ. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт нутаг нэгт Г.Уртнасанг цэвэр ялсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Красноярскийн хязгаарын бөх Алёна Стародубцеваг 2:0- ээр буулгаж авсан ч финалд Эстонийн бөх Эпп Маетай барилдаж, 0:11-ээр ялагджээ.

Мөн манай тамирчдаас 48 кг-д өрсөлдсөн “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ. Түүнээс гадна 69 кг-д хүч үзсэн Ш.Түмэнцэцэг хүрэл дээр буусан юм.

Энэ жинд манай хоёр бөх медалийн тавцанд зогслоо. Дашрамд дурьдахад, жин тус бүрт түрүүлсэн бөхөд эмэгтэй чөлөөт бөхийн спортыг бэлгэдсэн, гар хийцийн цом гардуулж, 5,000 ам.доллараар шагнажээ. Харин мөнгөн медаль хүртсэн бөхийг 3,000, хүрэл медаль хүртсэнийг нь 1,000 ам.доллараар шагнаж, урамшуулжээ.

Зураг