Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын тов гарлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүх хурлын тов гарчээ. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 14-н буюу Лхагва гарагийн 10:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна

18 жилийн турш үргэлжилсэн уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн, харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлж, шүүгчээр тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарыг томилоод байсан юм. 

М.Алдар шүүгч хуульд заасан буюу 30 хоногийн хугацаанд хавтаст хэрэгтэй танилцаад дахин 14 хоног сунгасан. Харин энэ 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. 

Энэ хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар яллагдагчаар татсан бол хохирогчоор С.Оюун оролцох юм байна

Уг хэргийг нууцын зэрэглэлтэй шалгасан учир шүүх хурлыг хаалттай явуулах ажээ.