Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяа, М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүллээ

Н.Пунцаг
2016 оны 12 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг энэ сарын 4-ний өдөр шинэчлэн гаргалаа. Шинэ чансаа ёсоор манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлж байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аварга, Токиогийн “Их дуулга” тэмцээний аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна.

Манай бөх хамгийн сүүлд Токиогийн “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн. Улмаар 2,790 оноотой болж, чансааны тэргүүнд гарч ирлээ. Тэгвэл түүний араас Казахстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэг 2,740 оноотой нэхэж байна.

Тэгвэл гуравдугаар байрт Японы алдарт бөх Кондо Ами 2,233 оноотой бичигдэж байгаа бол Солонгосын Жон Бу Кён дөрөвдүгээрт жагсч байна. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Манай бөх 3,530 оноотойгоор чансааг толгойлж байгаа бол хоёрдугаар байрт бичигдэж буй Ёшидо Цукаса 2,468 буюу түүнээс даруй ,1062 оноогоор дутуу байна.

Тэгвэл Рио-гийн Олимпийн наадамд түрүүлсэн Рафаэль Сильва 2,283 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдээс хамгийн өндөр чансаатай яваа нь 66 кг-ын жингийн шилдэг бөх Д.Төмөрхүлэг. Тэрбээр 2,110 оноотойгоор хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Тэгвэл энэ жинд дэлхийн чансааг Солонгосын шилдэг бөх Ан Баул тэргүүлж байна.

Гуравдугаар байрт Италийн бөх, Олимпийн аварга Фабио Басиле 1,708 оноотой бичигдэж байгаа юм. Харин дөрөвдүгээр байрт манай тамирчин Д.Алтансүх 1,658 оноотой жагсч байгаа билээ.

Тэрбээр хамгийн сүүлд Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртээд байна. Үеийн үед дэлхийн чансаанд дээгүүрт бичигддэг 60 кг-ынхнаас хамгийн дээгүүр байрт дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин бичигдэж байгаа бөгөөд тэрбээр 1,706 оноотой долдугаар байрт жагч байна.

Харин дэлхийн аварга Г.Болдбаатар 1,242 оноотой 10 дугаар байрт жагсч байгаа юм. Тэгвэл Олимпийн наадамд оролцсон Ц.Цогтбаатар 636 оноотой 28 дугаар байрт бичигдэж байна.

Зураг