Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр хоногт 20 орчим удаа газар хөдөлжээ

Монголын мэдээ
2016 оны 12 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг

Баянхонгор аймгийн Баянговь, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө газар хөдөлжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд энэ сарын 2-3-ныг шилжих хугацаанд нийтдээ 19 удаагийн чичирхийлэлтэй 1.5- 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж өндөр байсан учраас иргэдийг хоргодох байр болон кемп, гэрт нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь хангажээ. Тухайлбал, Цогтцэций суман дахь дотуур байранд амьдардаг сурагчид, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилтнууд болон бусад иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.

Харин Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн 06:09:23 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-оос цахим шуудангаар ирүүлсэн байна.

Газар хөдлөлийн улмаас чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэсэн мэдээлэлтэй байна. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Өнгөрсөн жилүүдэд ҮАБЗ-ийн хүрээнд бид гамшгийн асуудлыг нэлээд авч ярилцсан.

Санаа зовоож байгаа нэг гамшиг бол газар хөдлөлтийн гамшиг юм. Мянгаад жилийн өмнө, Улаанбаатарын энэ бүсэд газар хөдөлж байсан гэдэг дүгнэлт байдаг.

Тэр мянгаад жил нь одоо болчихсон. Дээр нь Улаанбаатарыг тойрсон газар хөдлөлтийн маш хүчтэй хагарлууд бий. Хагарлууд хоорондоо уулзах ийм үйл явц ойрхон болж байгаа.

Нэг үгээр хэлбэл, ойрын маш богинохон хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна гэдгийг гадаад, дотоодын судлаачид, эрдэмтэд гаргаж ирж, үргэлж анхааруулж байна” гэсэн билээ. Тиймээс газар хөдлөлт эрчимжиж, нийслэлд ч газар хөдлөлт болж болзошгүй байгаа юм.

Зураг