Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан намын даргад өрсөлдөх дараагийн эрхэм

Н.Эрдэнэ
2016 оны 12 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу" болгосон гэгддэг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр парламент дахь сөрөг хүчний бүлгийн дарга. Ардчилсан нам хуйгаараа ялагдаж, нэг тойрогт хөтлөлцөөд нэр дэвшсэн намын дарга нь хүртэл арчуулчихаад байхад Баянголоос торойж гарч ирснийг нь, улс төрд хөтөлж оруулж ирсэн С.Одонтуяагаа дүүргийн Засаг даргаар нь тавина гэж амлалт өгч байгаад ялуулж чадсаныг нь харваас үнэхээр энэ дүүрэг С.Эрдэнийнх л юм.

Тэрбээр байсхийгээд л янз бүрийн дуулианд холбогдож явдаг АН-ын лидерүүдийн нэгт яах аргагүй тооцогддог. Нийгмийн даатгалынхны элдэв шуугиануудын ард С.Эрдэнийн нэр хэвлэлийн хуудсуудаар бичигдэж, нийтлэлч Баабартай хүртэл нэг хэсэг нэхий дээлээ тайлалцаж, шүүх цагдаа дээрээ тулж байв.

“Эрүүгийн гэмт хэрэгтэн, өмнө нь Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад “Сайн хүн байгаа юм" гээд гаргаад л авч байсан. Одоо бол энд, тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад л хүүг нь хусаад явж байдаг хүн. Нас барчихсан хүний нэр дээр хэдэн мянгаар нь тэтгэвэр аваад л явж байдаг.

Хөгшин настай хүмүүсийг амруулсан болж байгаад л мөнгийг нь улсаас авч байна. Бид яагаад ийм улсуудаасаа салж болдоггүй юм бэ? Улс эх орноо бодооч. Бид үр хүүхдэдээ ямар улс орон үлдээх юм бэ? Тоноод дууслаа.

Энэ улс онхолдлоо, сүйрлээ” хэмээн Баабар (Зууны мэдээ сонин, 2015 оны 12 сарын 16 “С.Эрдэнийн тухай Баабар ингэж өгүүлжээ” нийтлэлээс) хэлснийг хэвлэлүүд өлгөж аван шуугиулж байв. Хожим сонсох нь ээ Баабар нь уучлал гуйгаад энэ зарга дууссан гэв үү дээ.

Нам нь ядарч, зүдэрч явахад ямба, суудлаа алдаагүй цөөнхийн бүлгийн дарга тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр АН-ыг өөрийн мэдэлдээ авахаар зориг шулуудсан бололтой. Түүний өмнө П.Цагаан, Л.Гантөмөр нар намын даргад өрсөлдөнө гээд албан ёсоор зарлачихсан. Намын нөхдөөс нь Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай хүн ч тодорчихсон.

Ийм нөхцөлд С.Эрдэнэ хараад сууж тэвчсэнгүй өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагаараа намын даргын төлөө өрсөлдөхөд бэлэн гэдгээ хэлж байна.

“Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэх нь хувь хүний эрхийн асуудал. Намын хуучин дүрэмд болон одоо шинээр боловсруулж байгаа дүрэмд энэ асуудал нээлттэй. Миний хувьд эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Гэхдээ үндсэн дүрэм нээлттэй батлагдаад, нам цаашид шинэчлэгдэх боломж бүрдэх юм бол би намын даргад нэр дэвших асуудлаас татгалзахгүй.” Тэрбээр яг ингэж хэлж.

Зарим нэгэн “том биетэй Зи дарга” болох түүний хүслийн ард “жижиг” Зи нь байгаа ч гэдэг.

Ингэснээр арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа намын даргын асуудлыг хөндөхгүй гээд байгаа, цагаан сарын өмнөхөн л сая нэг даргын марафоноо эхлүүлж мэдэх Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөгчийн тоо нэгээр нэмэгдлээ.

Зарим нэгэн “том биетэй Зи дарга” болох түүний хүслийн ард “жижиг” Зи нь байгаа ч гэдэг. Хүсэл нь амархан бүтчихдэг бол Шонхор фракцаас ийнхүү дараалан намын дарга тодрох нигууртай юм уу даа.

Улс төрийн үүх түүхээс нь яривал 1989-1990 онд Багануур дүүрэг дэх Монголын Ардчилсан намын хороон даргаас эхлээд энэ хүртэл өгссөн түүхтэй. 1996 оны сонгуулиар ардчилагчид анх удаа олонх болсны дараа 1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2000 онд МоАН-ын дарга болжээ.

Албан тушаалаар яривал 1996 онд Баянгол дүүрэгтэй холбогдож, Засаг даргаар нь ажиллаж эхлээд өнөөг хүртэл энэ дүүрэгтээ нөлөөтэй, олны хэлдгээр эзэн нь суучихаад байгаа хүн. Багануураас гараагаа эхэлж Баянгол дээр зайдалсан улстөрч саяны сум, дүүргийн сонгуулиар Хан-Уулд хүүгээ илгээж нэр дэвшүүлсэн, улмаар хүү нь Хан-Уулын Иргэдийн хурлын төлөөлөгч болсноос харвал “хошуу” нутгийнхнаа хилийн дээсийг сунгахаар шийдсэн ч гэмээр.

Ардчилсан намын хувьд цөвүүн цаг боловч нийтлэлийн баатрын хувьд мандан бадарч, нэр нөлөөгөө тэлэх үе бололтой. Гэвч хүсэхийн хажуугаар хясаж С.Эрдэнийн хуулийн байгууллагатай холбоотой үе үе хэвлэлээр цухалзаад өнгөрдөг асуудлууд сөхөгдөж байгаа аж.

Ардчилсан намын хувьд цөвүүн цаг боловч нийтлэлийн баатрын хувьд мандан бадарч, нэр нөлөөгөө тэлэх үе бололтой.

Тухайлбал энэ тухай хэвлэлүүд бичихдээ “...С.Эрдэнийг нийгмийн даатгалын асуудлаар хэрэгт татаж магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнд сонсогдож байна. Энэ тохиолдолд Ардчилсан нам бүлэггүй хоцорно гэж МАН-ынхан тооцож суугаа” хэмээжээ.

Үндсэн хуулийг ч бярдаж өөрчлөх хүчийг парламентад бүрдүүлчихээд байгаа МАН-ынхан цөөнхийн бүлгийг тараахдаа тулбал хамгийн но-той, ноцтой хүн нь С.Эрдэнийг гэж үзсэн бололтой юмаа.

Бүлэг дундаас нь суга татаж аваад хуулийн байгууллагынхан шалгаад эхэлбэл юун намын даргад нэр дэвших манатай болно биз дээ.

Хуулийнхан хормой хотноос нь зулгаагаад эхлэхээр улстөрчид ямар нэг чухал албан тушаал, сонгуульт ажилд өрсөлдөхөөр өөрсдийгөө зарлаад эхэлдэг ба яг ийм Н.Алтанхуягийн жишээгээр С.Эрдэнийг орлуулж харвал намын даргад үзнээ гээд эхэлсэн нь улс төрийн хүрээнийхний дээрх яриаг батлаад ч өгөх шиг.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.